Бээжинд халдвар дахин тархах эрсдэл маш өндөр байгааг мэдэгдэв

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-15 13:06:46

БЭЭЖИН. /RIA Novosti/.  Нийслэл хотын хүнсний бөөний захад халдварын шинэ голомт үүссэний улмаас Бээжинд “COVID-19”-ийн халдвар цаашид дахин тархах эрсдэл маш өндөр байна гэж тус хотын захиргааны хэвлэлийн албаны дарга Сюй Хэзянь мэдэгджээ.


Тархвар судлалын судалгаагаар импортын хулд загас ангилах бандангаас коронавирус илэрсний дараа Фэнтай дүүргийн томоохон бөөний зах болох “Шиньфади” захыг бямба гарагт түр хаасан байна. Фэнтай дүүрэгт онцгой байдал тогтоосний зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн салбарт үүссэн онцгой байдлын үед авах шуурхай арга хэмжээний зэрэглэлийг дахин хоёрдугаар түвшинд болгож дээшлүүлжээ.


“Шиньфади” захад шинээр халдвар илэрсэнтэй холбоотойгоор Бээжинд халдвар цаашид тархах эрсдэл маш өндөр байна” гэж Сюй Хэзянь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Эрх баригчид хамгийн шийдэмгий арга хэмжээ авч, уг зах болон ойр орчмын дүүргүүдэд тархвар судлалын нарийн судалгаа хийж, халдварын эх үүсвэрийг тодорхойлон, халдварын голомт болон хөрш зэргэлдээ дүүргүүдийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулна гэж тэрбээр цохон тэмдэглэв.


Ням гарагт 76499 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 59 хүний хариу эерэг гарсныг Бээжин хотын захиргааны төлөөлөгчид мэдээлсэн байна.


Харин даваа гаргийн өглөөний статистик мэдээллээр, ням гаргийн байдлаар тус хотод “COVID-19”-ийн халдварын 42 тохиолдол бүртгэгдсэний 36 нь эмнэлзүйн илрэлтэй байсан бол зургаа нь шинж тэмдэггүй байжээ. Одоогийн байдлаар хотын эмнэлгүүдэд коронавирусний халдвартай 79 хүн эмчлүүлж байгаа аж. 


БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зургадугаар сарын 11 хүртэл 56 хоногийн турш коронвирусээр дотооддоо халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм.


 


Холбоотой мэдээ