"Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-15 16:17:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын филармонийг үүсгэн байгуулагч Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 93 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан түүний зохиосон "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн тухай Монгол Улсын филармони мэдээлэв.


Ц.Намсрайжав эх орондоо симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил Улсын филармонийн дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллажээ. 



Хүндэтгэлийн ёслолд Улсын филармонийн захиргаа, Симфони найрал хөгжмийн үе үеийн уран бүтээлчид болон түүний гэр бүлийнхэн оролцлоо.


МУСГЗ Ж.Бадраагийн шүлгээр бүтээсэн "Халуун элгэн нутаг" дуугаар Ардын жүжигчин Ц.Намсрайжав 1971 онд Төрийн шагнал хүртэж байв. 1999 онд Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар энэ дуу XX зууны манлай болжээ.


Ташрамд дурдахад, энэ дуу зөвхөн Монголд бус Халимаг, Буриад, Өвөрмонголд түгэн алдаршиж, монгол туургатны сүлд дуу болсон байна.


Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол нутаг минь

Эцэг эхээс заяатай

Эрдэнийн алтан өлгий минь


  Цэцгийн шимийг тэтгэсэн

  Цэнгэлийн хавар айлчлахад

  Мөрөн гол нь дуугаа дуулж

  Мөнх сарьдаг нь мишээдэг ээ


Сэрүүн салхи сэвсүүлсэн

Хацар нүүрийг илбэн байж

Сэтгэл дотрыг ариулсан

Халуун элгэн нутаг минь

Холбоотой мэдээ