Дэлхий даяар халдвар авсан хүний тоо найман сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-16 09:36:36

ЛОНДОН. /Reuters/. Латин Америк, АНУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, БНХАУ-д халдварын шинэ голомт үүссэн энэ үед дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо найман сая давжээ.


Халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д дэлхийн даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын 25 хувь буюу хоёр сая гаруй нь илэрчээ. Латин Америкт халдвар авсан хүний тоо сүүлийн үед огцом нэмэгдэж эхэлсэн бөгөөд тус бүс нутагт нийт тохиолдлын 21 хувь нь бүртгэгджээ. Латин Америкийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Бразилд 888 мянга гаруй хүн халдвар авчээ.  


БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн “COVID-19”-ийн тохиолдлын тоо тавдугаар сарын эхээр дөрвөн саяд хүрсэн бөгөөд үүнээс хойш тавхан долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн нь энэ юм. Дэлхий дахинд халдварын улмаас 434 мянга гаруй хүн нас барсан бөгөөд уг үзүүлэлтийн хувьд долоон долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн байна.


Бразилд 44 мянга орчим хүн халдвараар нас барсан гэж мэдээлж байгаа боловч тус улсад иргэдийг шинжилгээнд хамруулж буй байдал хангалтгүй байгаа тул нас барсан хүмүүсийн тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж магадгүй болохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.


АНУ-д халдварын улмаас 116 мянга гаруй хүн нас баржээ. Хэдийгээр Америкт халдварын шинэ тохиолдлын тоо олон долоо хоногийн турш буурч байсан боловч сүүлийн үед олон нутагт халдвар авсан хүний тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж эхэлжээ. Эрүүл мэндийн байгууллагын эргэжилтнүүд халдвар хамгийн их тархсан муж улсуудад хоёр дахь давлагаа гарах, зарим муж улсын хувьд эхний давлагааг хяналтад авахад хүндрэл учирч болзошгүйд санаа зовниж байгаа бөгөөд амны хаалт зүүж, олноор цуглахаас зайлсхийж, зайнаас харилцахыг иргэдэд уриалжээ.


Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүнсний бөөний захтай холбоотой халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхлээд байна. Тус хотод сүүлийн хоёр сар орчмын хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. 

Холбоотой мэдээ