Коронавирусээр халдварласан иргэдийн 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-17 12:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бүртгэгдсэн, короновируст халдварын нийт тохиолдлын 90 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол, халдвартай иргэдийн 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, короновирусээр халдварласан иргэдийн хувьд 15 хүртэлх насны таван хүүхэд, 50-иас дээш насны 13 хүн эмчлүүлж байгаа бөгөөд нийт өвчтөний 71 хувь нь 16-24 насны оюутан сурагч юм.

Манай улсад гуравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд корановирусээр халдварласан 111 хүн буюу 56.3 хувь нь эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Эдгэрсэн иргэдээс сувилалд 70, гэрийн хяналтад 24 байгаа бол 18 иргэн ажиглалтаас гарчээ. Голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдэд цаг алдалгүй шинжилгээ, эмчилгээ хийж буй тул эмнэл зүйн шинж хөнгөн байгаа аж. Эмчлүүлэгчдийн 75-78 хувь хөнгөн, 17-18 хувь  хүндэвтэр, 2 хувь нь хүнд хэлбэрээр өвчилсөн байна.

Тусгаарлалт болон эмчилгээний үйл явцыг тандах зорилгоор улсын хэмжээнд вируслогийн зургаан лабораторид давхардсан тоогоор 19 612 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.  Мөн тандалтын зорилгоор  9200 хүнд судалгаа явуулж, долоо хоногт 70-90 сорьц шинжилж буй аж.

Манай улсын хэмжээнд тандалтын 15 баг ажиллаж буй бөгөөд таван баг ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

И.Даваадорж

Холбоотой мэдээ