Тусгай чиг үүргийн 25 алба хаагчид орон сууцны батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-17 15:26:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах зэрэг таван байгууллагын албан хаагчдын 25 төлөөлөлд түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцанд орох батламж гардуулав. 


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэн 1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулж байна. Өмнө нь шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ХӨСҮТ-ийн 10 албан хаагчийг энэхүү хөтөлбөрт хамруулж энэ сарын 9-нд батламжийг нь гардуулсан юм.



Батламж гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн үнийн саналыг нь харна. Хэт өндөр үнэтэй байвал шаардлагад нийцэхгүй. Өмнө нь хэлсэн, урьдчилгаа төлбөр дээр уян хатан хандана. Хүү зургаан хувиас илүүгүй байна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүнд нөхцөлд, нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулна. Өмнө нь орон сууц авч байгаагүй хүнд олгоно. Эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, гаалийн ажилчид хамрагдана. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа иргэдээс хамруулна. Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой" хэмээн онцоллоо.



Түрээслээд өмчлөх орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах төрийн албан хаагчдыг хамруулах барилгын компаниудын жагсаалтыг Нийслэлийн орон сууцны корпораци гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 хувь ашиглалтад орсон барилгын 15 компани уг хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгчээ. Энэ сарын 20-ныг хүртэл барилгын компаниуд хүсэлтээ өгөх боломжтой. Ингэснээр 21-ний өдрөөс албан хаагчид байрны сонголтоо хийх юм.



Холбоотой мэдээ