Богд хааны ордон музейн дэргэд шонхор шувууны хөшөө босгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-18 11:35:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн түүхэн ой 2019 онд тохиосон билээ.


Энэ ойг угтаж Нийслэл дэх Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га талбайд монгол орны байгалийн чулуун зам харгуй тавьж, хөшөө баримал бүхий  жилийн турш мөнх ногоон байдаг хуш, нарс модтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн юм.



Энэ ажил одоо дуусах шатандаа орсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө баримал суурилуулаад байна.



Өнгөрсөн онд тус цэцэрлэгт хүрээлэнд VIII Богд Жавзандамбын 4,3 метр, Богдын лүндэн хэмээх 3,15 метр хүрэл хөшөөт байгуулсан бол, энэ лхагва гарагт Шонхор, Мөнх тэнгэрийн хүчин дор зэрэг 9 баримлыг суурилуулах ажил эхэлсэн байна.



Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг музейн цогцолбор юм. Энэ нь Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг билээ. 1924 онд байгуулсан тус музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэсэн түүхтэй.

Харин 1954 оноос Улсын төв музейн харьяа болж, улмаар 1961 онд бие даасан музейн статустай болсон. Богд хааны ордон музей Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг.



Ташрамд сонирхуулахад, VIII Богд Жавзандамба Туул голын хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон илэрхийлэх бичиг хэмээх есөн луугаар тойруулан чимсэн хөх модон самбарын баруун талд нь “Бадаргуулт төрийн 33 дугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний дор томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн үсгээр бичжээ.



1903-1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарчээ.


Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан. Тухайлбал 1911 онд VIII Богд Жавзандамбыг Богд хаант Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг бариулжээ.

Холбоотой мэдээ