“Эх орон надаас эхэлнэ” уралдааны бүтээлийг шуудангаар үнэгүй илгээгээрэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-18 16:17:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны бүтээлийг шуудангаар, үнэ төлбөргүй илгээх боломжтой болжээ.


Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас удаан хугацаагаар цахим хичээл үзэж буй хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие биенээсээ суралцах замаар оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг орон даяар зарласан билээ.


Тэгвэл уралдаанд ирүүлэх бүтээлээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Танаа” хэмээн хаяглаад өөрт хамгийн ойр байрлах шуудангийн салбараар дамжуулан үнэ төлбөргүй илгээх боломжтой юм байна.


Бүтээлээ илгээхдээ оролцогчийн мэдээлэл буюу овог, нэр, нас, цэцэрлэг, сургууль, анги, бүлэг, харилцах утасны дугаарыг заавал бичихийг зохион байгуулагчдаас зөвлөж байна.


Уралдааны гар зургийн төрлийг сургуулийн өмнөх буюу 3-6 нас, бага нас 7-9 насны ангиллаар, харин зохион бичлэгийн төрлийг дунд буюу 10-14 нас, ахлах нас буюу 15-17 насны ангиллаар явуулж байгаа юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор дамжин уралдааны удирдамжнаас танилцана уу: https://president.mn/14563/

Холбоотой мэдээ