Казахстаны Ерөнхий сайд А.Мамин тусгаарлалтаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-19 15:06:44

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамины коронавирусний шинжилгээний  хариу сөрөг гарч, тэрбээр тусгаарлалтаас гарчээ. Энэ тухай ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Зарина Нурланова мэдэгдсэн байна. 


Түүнээс гадна Казахстаны Боловсролын сайд Асхат Аймагамбетов, Хөдөө аж ахуйн сайд Сапархан Омаров, Экологийн сайд Магзум Мирзагалиев нар бүгд шинжилгээнд хамрагдсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг гарчээ.


“Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүн болон сайдууд үүрэгт ажлаа хуваарийн дагуу хэвийн явуулж байна. Засгийн газар, яамдын байруудад эрүүл ахуйн дэглэмийг бэхжүүлж, аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгаж, нийт ажилтнуудын 80 хувь нь алсын зайнаас ажиллах хэлбэрт шилжсэн” хэмээн хэвлэлийн албаны дарга ярьжээ.


Казахстаны Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов коронавирусний халдвар авсан тухай өмнө нь мэдээлсэн юм. Биртановтой уулзсан тус улсын Ерөнхий сайд Аскар Мамин удалгүй өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахих болжээ. Түүнчлэн янз бүрийн шалтгаанаар Казахстаны 5 сайд өөрийгөө тусгаарлагдах дэглэмийг сахих болсон байна. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тухай түүний хэвлэлийн алба өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ