Мандалговь, Чойр, Өндөрхааны чиглэлийн авто замыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-06-22 15:58:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв, Говьсүмбэр аймгийн нутагт өчигдөр орсон усархаг аадар борооны улмаас орон нутгийн чиглэлийн зарим авто зам, төмөр зам эвдэрч, хоёр хүн амиа алдаж, нэг иргэн сураггүй болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.


Тодруулбал, Төв, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр хүчтэй аадар бороо орсон тухай дуудлага ОБЕГ-т ирсний дагуу 81 албан хаагч, 20 техник хэрэгсэл, орон нутгаас 32 хүн,  6 техник хэрэгсэлтэй ажиллаж үерийн аюулаас 30 иргэний амийг аварсан байна. Үерт 6067 мал хорогдсон бол 409 өрх, 59 хашаа, 10 орчим авто машин автжээ.


ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга У.Тамир: Түр зуурын усархаг аадар борооны улмаас Зуунмод суманд 59 мм, Баянсуманд 19 мм, Алтанбулаг суманд 15 мм хур тунадас буужээ. Төв аймгийн онцгой комисс хуралдаж, шуурхай ажлын гурван баг байгуулан газар дээр нь хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулж байна. Зуунмод суманд үерт автсан 600 шоо дөрвөлжин метр усыг соруулсан. Түүнчлэн Төв аймагт 3 дэд станц үерийн усанд өртсөнөөс  400 өрх цахилгаангүй болсон. Одоогоор хоёр станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулж,  нэг дэд станцыг засварлаж байна. Харамсалтай нь Төв аймгийн Сэргэлэн суманд 2 иргэн малдаа явж байхдаа үерийн усанд амиа алдлаа. Мөн Баян сумын Өгөөмөр багийн  14 дүгээр зөрлөгт 18 настай нэг иргэн малдаа яваад сураггүй болсон дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ОБЕГ-аас эрэн хайх ажиллагаа явуулж байна.


ЗТХЯ-ны, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, М.Энхболд: Үер бууснаас авто болон төмөр замд эвдрэл гэмтэл үүссэн. Улаанбаатараас Мандалговь, Чойр, болон Өндөрхааны чиглэлд авто тээвэр зорчих боломжгүй болсныг Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар замыг түр хугацаагаар хаасан.  Зам тээврийн салбарын албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд шөнөжин ажиллаж, өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар, дээрх чиглэлийн замыг хугацаанаас нь өмнө хэвийн ажиллагаанд оруулсан. Хөшигийн хөндийн хурдны замын ОУ-ын нисэх буудлын төгсгөл хэсэг,  Мандалговь чиглэлийн авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Зорчих хэсгийг саадгүй болгохын тулд Улаанбаатар-Налайх чиглэлд 40 хүн, 10 техник, Улаанбаатар-Мандалговийн чиглэлд 15 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Төмөр замын 2.8 км замд 6 хэсэг гэмтэл гарсан. Улаанбаатар төмөр замын 461 хүн, 52 техник хэрэгсэлтэй сэргээн босгох ажлыг хийж байна. Энэ эрчээрээ ажиллавал маргааш орой гэхэд төмөр замыг хэвийн ажиллагаанд оруулах боломжтой.


Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Бүх нутгаар усархаг аадар бороо орж гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг манай байгууллагаас энэ сарын 19-нд мэдээлсэн. Энэ нөхцөл байдал маргааш, нөгөөдөр үргэлжилнэ. Ялангуяа өнөөдөр төвийн аймгийн нутгаар усархаг аадар бороо орж аянга цахилгаан, нөөлөг салхитай учраас иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийг  анхааруулж байна. Энэ долоо хоногт бороотой,  ялангуяа нутгийн зүүн хагас, өмнөд хэсгээр усархаг аадар бороо орж, мөндөр, нөөлөг салхи ажиглагдах цаг агаарын нөхцөл бүрдэнэ.  


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ