АНУ-аас өчигдөр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-25 11:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр 333 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр,  тухайн иргэн Сиэтл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр гэр бүлийн хамт ирсэн, 64 настай эмэгтэй аж. Түүний гэр бүлийн хүнийг ойрын хавьтал гэж үзэн шинжлэхэд эхний шинжилгээгээр сөрөг гарчээ.


Харин өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна.

Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 216 бүртгэгдсэнээс 169 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 41 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх хүндэвтэр байна.


ХӨСҮТ-д одоогоор 81 хүн хяналт, тандалт, эмчилгээнд байна. Түүнчлэн Москва-Улаанбаатарын тусгай онгоцоор өнөөдөр өглөө ирсэн 114 оюутнаас гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.


Өчигдөр ажиглах байранд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, Сиэтл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн зорчигчид, тандалтын зорилгоор цуглуулсан 2 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 37 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ