Халдвар эрчимтэй тархах хандлагатай байгааг ДЭМБ анхааруулсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-25 12:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлаар өвчлөл эрчимтэй тархаж байгаа орнууд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ сулруулахгүй байхыг анхааруулжээ.


Энэ тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан, “коронавируст халдвартай тэмцэх шидэт арга бидэнд одоогоор байхгүй байна.  Улс орнууд цар тахлын эсрэг амжилттай хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон бүр өөрийнхөө онцлогт тохируулан хэрэглэх нь үр дүнтэй. Цаашдаа халдвар эрчимтэй тархах хандлагатай байгаа  Америк тивийн орнууд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ сулруулах болоогүй” хэмээжээ.


Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 9 сая 510 мянган хүн өвчилж, 483 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 162 мянган хүн шинээр өвчилж, дөрвөн мянга гаруй хүн нас барсан байна.

С. Туул 

Холбоотой мэдээ