Хар тамхи хэрэглэдэггүй уламжлал нь бидний бахархал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-06-26 12:04:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мансууруулах бодис, хууль бус наймаатай тэмцэх олон улсын өдөр  өнөөдөр тохиож байна. 


НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас “дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг. Түүнээс 27 сая орчим нь тогтмол. Хэрэглэгчдийн 200 орчим сая нь каннабис, 15 орчим сая нь амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая нь кокаин хэрэглэдэг” болохыг 2012 онд судалгаагаар тогтоосон байна. Энэ судалгаа тоо баримтыг биднээс  хаа хамаагүй хил чанд, бусдын нутаг дахь үйл явдал гээд өнгөрч болохгүй болсон бололтой.


Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан байна. Тэдний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насы залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч байсан гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байжээ. Энэ тоо баримтыг 2018 оныхтой харьцуулж үзэхэд өссөн дүн мэдээ гарсан байна. Хэдэн хувиар өссөн нь чухал биш. Харин өсөж байгаа нь хор аюулын харанга. Гэхдээ дэвэргэж болохгүй мэдээлэл. Одоо юуны учир яагаад ийм болов гэдгийг хүн бүр бодох учиртай болжээ.


Хар тамхи, мансууруулах бодис, түүний хууль бус наймаатай тэмцэх нь төрийн үүрэг. Төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой. Харин хар тамхи мансууруулах бодис, түүний хууль бус наймааны орчин бүрдүүлэхгүй байхад иргэн бүрийн  оролцоо чухал гэж үздэг юм байна.


Хар, тамхи мансууруулах бодис нь байгальд ургадаг өөрийн онцлогтой. Тухайлбал Монгол оронд мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг 9 овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал нь манай улсын 14 аймгийн 49  сумын нутаг дэвсгэрт 15,000 орчим га талбайд ургадаг олох нь судалгаагаар тогтоогджээ. Манай орны нутаг дэвсгэрт ийм төрлийн ургамал ургадаг. Гэвч түүнийг түүж боловсруулан хэрэглэдэг улмажлал бидэнд байхгүй юм билээ. Энэ бол бидний цааш нь авч явах, хойч үедээ өвлүүлэх сайн сайхан зан заншил, уламжлал гэдэг нь ойлгомжтой. Өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн сайн үйлийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гарын авлага болгон ашиглах нь зохимжтой болов уу. Энэхүү зан үйл дээр үндслэн хууль, эрх зүйн оновчтой зохицуулалт шаардлагаатай. Энэ талаар холбогдох төрийн байгууллага албан тушаалтнууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна.


Ийм төрлийн гэмт хэрэгт гадаад оронд зорчиж явахдаа монголчууд орооцолдох явдал гардаг. Ийм жишээ баримт олныг дурдаж болно. Сайн үлгэр дуурайлал биш тул тэр бүхнийг энд дурдах нь илүүц. 


Ер нь хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхээс гадна хууль бус наймааны сүлжээ идэвхтэй ажилладаг. Тэд өөр өөрийн оноосон нэртэй Алтан гурвалжин /Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс/, Алтан хавирган сар /Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс/, Мөнгөн гурвалжин /Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг/, Хар гурвалжин /Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк/ гэж нэрлэсэн байх жишээтэй. Африкийн орнуудын мансууруулах бодисны гэмт бүлэглэлүүд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэхэд гаршсан гэнэ.


Эдгээр дэлхий нийтийг аалзны тор мэт хэрсэн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан манай улсын зарим иргэн гадаад улсад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон статистик тоон үзүүлэлт байдаг юм байна. 2006-2016 оны хооронд  тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, бусдад дамжуулсан 39 тохиолдол бүртгэгджээ.


Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх өнөөдрийн үйлдлийг авч үзвэл, бидэнд тийм уламжлал байхгүй гээд  гараа хумхиад сууж болохгүй болжээ. Ийм буруу муу зуршлын талаар зөв ойлголтыг залуу үеийхэнд бүх нийтээр ярьж таниулах хэрэгтэй болжээ. Уламжлал байхгүй байна. Гэтэл бодит байдал дээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа арилжаа одоо байгаа нь гаднаас импортлогдсон болж таарна. Дэлхий даяаршиж байгаа өнөөдрийн нөхцөлд гадаад ертөнцийн муу зуршлаас хамгаалагдах олон аргын нэг нь уламжлалаа ягштал баримтлах байж болно. Тийм учраас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэггүй дээдсийн  заншил уламжлал бидний бахархал юм. Энэ уламжлалыг дэлгэрүүлэх өдөр нь жил бүрийн 6 дугаар сарын 26 байг...

Холбоотой мэдээ