“Хүрээ цам 2020” ёслол энэ сарын 26-30-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-26 12:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүрээ цам 2020” шашин, соёлын ёслол энэ сарын 26-30-нд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд болно. 


Гандантэгчэнлин хийд, НЗДТГ-тай хамтран "Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг жил бүр зохион байгуулдаг. Харин энэ жил дэлхий дахинд тархсан цар тахалтай холбогдуулан Даншиг наадам зохион байгуулахгүй. Тиймээс Гандантэгчэнлин хийд дотоод нөөц боломжоо ашиглан, Хүрээ цамыг бие даан зохион байгуулах аж. Цам харайх ёслолыг энэ сарын 29-нд хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд шууд дамжуулах аж.


Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: “Жахар цам” хэмээн алдаршсан Хүрээ цам төмөр хулгана жилийн зуны дунд сарын шиний есний өдөр буюу энэ сарын 29-нд Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд цамнана. Цамын хурал хурах сүүлийн өдөр шоглон гаргах, сор залах зан үйл үйлдэнэ. Энэ үеэр ихээхэн гал гаргадаг тул онцгой байдлын байгууллага хяналт тавих юм.


Гандантэгчэнлин хийдийн цамын даамал С.Ишцог: Гандантэгчэнлин хийдийн 95 лам цамын бэлтгэлээ Цагаан сарын дараагаас эхэлсэн. Цар тахлын улмаас цам харайхад залуу лам нарыг оролцуулахгүй. Бид уламжлалт хээрийн дэг, нямба бүтээл, цамын бэлтгэлээ базааж, цам харайхад бэлэн боллоо. Энэ сарын 26-нд балин тахил, цамын баг, хувцас хэрэглэлийг адислах хурал болох бөгөөд 27-нд Жахар цамын хурал ном эхэлж, 29-ний өдөр хүртэл дэг жаягийн дагуу хурна. Бид бүхэн цамын зан үйлийг боломжит бүх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олонд хүргэхээр ажиллаж байна. Тиймээс сүсэгтэн олон маань хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сүлжээгээр хүлээн авч үзэх боломжтой. 


Ташрамд дурдахад, Цам цамнах үйл нь VIII зууны үед Төвөд орноо дэлгэрсэн байдаг. Монгол орноо анхны цамыг IV Богд Жавзандамба хутагтын тааллаар 1811 онд Их хүрээнд цамнасан байдаг. Олноо “Жахар цам” хэмээн алдаршсан Хүрээ цам нь монгол түмнийг ивээгч Очирваань бурханы дүр, Цагаан өвгөн, Улаанбаатар хотын дөрвөн уулын эздийн дүр гардгаараа онцлогтой юм. 


И.Даваадорж

Холбоотой мэдээ