УИХ-ын сонгуулийн ажиллагааг гадаадын мэдээллийн 4 байгууллага дамжуулжээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-06-29 12:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ОХУ-ын "Монголия Сегодня", БНСУ-ын "Breaking news Korea", Катарын "Al Jazeera", БНХАУ-ын "Xinhua" зэрэг нэр бүхий мэдээллийн байгууллагууд дамжуулжээ.

Мөн АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг зэрэг улсаас төлөөлөгчид бүртгүүлж ажиглажээ. Санал авах байруудад нам эвсэл, бие даагч нарын томилсон 3 мянга гаруй ажиглагч хэсгийн хороонд ажилласан дүн мэдээ байна. Харин манай улсын дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй сэтгүүлч сурвалжилжээ.

"Глоб Интернэшнл" ТББ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийснээ ийнхүү танилцууллаа. Тус ТББ “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллагуудтай УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглан хянасан юм. 


6 дугаар сарын 2-22-ны өдрийг дуустал 3 үе шаттай хийсэн судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон МҮОНТ, “UBS”, “NTV”, “ТВ9”, “MN25-суваг" гэсэн 5 телевиз хамрагджээ.

Судалгаагаар дээрх 5 телевизийн 1813 цаг 14 минут 41 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 292 цаг 46 минут 18 секунд нь буюу 16 хувь нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

Нийт сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл 62 хувь нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 16 хувь нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 11 хувь нь далд сурталчилгаа байв. Харин үлдсэн 11 хувь нь ажлаа тайлагнасан талаарх мэдээлэл эзэлжээ. МҮОНТ болон бусад арилжааны телевизүүд 6-7 нам, эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв.


МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ. Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 17 хувийг эзэлсэн бол ойролцоо буюу 15 хувийг АН-д оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 16 хувьтай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 45 орчим хувийг эзэлсэн бол АН-д 30 хувьтай тэнцэх цаг оногджээ.


Энэ удаагийн сонгуулийн сурталчилааны хувьд хэт магтаж сайшаасан, эерэг буюу сөрөг мэдээллийн хэмжээ буурч төвийг сахисан чиг хандлагатай байв. Өөрөөр хэлбэл гүжир гүтгэлэг, үнэн худал нь тодорхойгүй сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийн хэмжээ багассан байна.

Хамгийн их магтаж сайшаасан мэдээллийг MN25 нэвтрүүлсэн бөгөөд энэ нь тус телевизийн сонгуулийн тухай мэдээллийн 55 хувийг эзэлжээ. Харин хамгийн их сөрөг хандлагатай мэдээлэл NTV телевиз нэвтрүүлсэн нь нийт сонгуулийн тухай мэдээллийнх нь 25 хувь байжээ.

Телевизүүд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн ноцтой тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.



Энэ жилийн сонгуулийн сурталчилгаанаас ажиглагдсан эерэг хандлага бол арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан хараат бус нэвтрүүлэг бэлтгэх хандлага нэмэгдсэн явдал юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн /46.15.Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй/ гэсэн зохицуулалт орсон нь телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэх хөшүүрэг болов.


МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн ердөө 3 хувь нь цэвэр сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг байсан бол арилжааны телевизүүдээс NTV телевиз хамгийн их буюу 35 хувийг зориулсан байна. Харин МN 25 суваг телевиз хамгийн бага буюу 20 хувийг зарцуулсан байна.



Далд сурталчилгаа явуулсан эсэхэд хяналт тавихад, МҮОНТ-ээр 02 цаг 04 минут 45 секундийн далд сурталчилгаа илэрчээ. Энэ нь нийт сонгуулийн тухай мэдээллийн 2 хувьтай тэнцэв. Харин бусад телевизүүдээс хамгийн өндөр нь ТВ9 30 хувьтай тэнцэх далд сурталчилгаа нэвтрүүлжээ. NTV телевиз 5 хувь буюу хамгийн бага далд сурталчилгаа цацсан байна.


Телевизүүд мэдээний хөтөлбөрөөрөө далд сурталчилгаа нэвтрүүлсэн нь илрэв. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуультай холбоотой мэдээллийн 28 хувь нь далд сурталчилгааны шинжийг агуулсан байв. Харин UBS телевизийн мэдээний хөтөлбөрт 42 хувьтай тэнцэх далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл илэрсэн нь бусдаас өндөр байна.



Холбоотой мэдээ