Сэлэнгийн тамирчид дэлхийн чанартай тэмцээнээс 122 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-30 14:39:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Дэлхийн тамирчдын өдрийг Сэлэнгийн тамирчид цахим орчинд талархлын үгсээр бие биедээ урам өгч тэмдэглэн өнгөрүүллээ.

Сэлэнгэ аймгийн хувьд биеийн тамир спортын тухайд хөгжил дэвшилтэй, амжилт бүтээл дүүрэн байгаа. Өнгөрсөн 2019 оны хувьд амжилт дүүрэн байж, аймаг орон нутагтаа шигшээ баг байгуулан ажилласнаар Ази, тив, дэлхий, улсын аварга шалгаруулах 27 тэмцээнд оролцож, 22 тэмцээнээс нийт 122 медаль хүртжээ. Мөн олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер хоёр, спортын дэд мастерын болзлыг нэг тамирчин тус тус биелүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн тамирчдын ур чадвар нэлээд өсөн нэмэгдэж өөрийн орон нутгийн хэмжээнд найман удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авсан байна. Тухайлбал энд нийт 3015 тамирчин оролцож, аймгийн баг тамирчид хөл бөмбөг, хоккей, волейболын төрлөөр эхний гурван байранд шалгарчээ.

Мөн аймгийн хэмжээнд ахмад настны эрүүл мэнд хөдөлгөөний хомсдол, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийсэн байна. Тодруулбал аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн хэмжээнд ”Хөдөлгөөн урт наслалт” уриатай хийн дасгалын тэмцээн, шагай няслах, шүүрэх, морь уралдуулах монгол наадгайн төрлүүдийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд 16 сум, 2 тосгоны 360 гаруй ахмад хамрагдан нийт 5 төрлөөр өрсөлдөж 39 оноогоор Сүхбаатар сумын ахмадын хороо тэргүүлсэн аж. Энэ арга хэмжээг анх удаа ахмадын дунд зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явуулж байхаар тогтсон байна. Энэхүү үйл ажиллагаа нь ахмадуудад ээлтэй, нас биений онцлог хөдөлгөөнд тохирсон арга хэмжээ боллоо гэж оролцсон ахмадууд сэтгэл хангалуунаар дүгнэсэн байна.

Энэ 2020 оны тухайд дэлхий дахинд тархаад буй цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа учраас уламжлалт уралдаан тэмцээн зогсонги байдалд ороод байгаа ажээ.  

Холбоотой мэдээ