Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 30 гомдлыг шалгаж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-02 08:53:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т өнгөрсөн 7 хоногт иргэн, ААН, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол ирүүлжээ. 

Эдгээрийг АТГ-ын  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс шалган хянан шийдвэрлэжээ. Үүнээс 2 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлж, одоогоор 30 гомдлыг шалгаж байна.

Мөн АТГ 6 дугаар сарын 22-26-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 173 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн 7 хоногт 163 мэдүүлэг шинээр хүлээн авч, нийт 283 урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Хянан шийдвэрлэсэн 173 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 171, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 1, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 1 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв. Одоо 110 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.


Холбоотой мэдээ