Даралтаас хамаардаггүй системд шилжүүлснээр дулааныг хэвийн хэмжээнд түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-04 18:39:57

Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнод НАА” ОНӨААТҮГ ирэх өвөл дулааныг хэвийн хэмжээнд түгээхийн тулд даралтаас хамаардаггүй системд шилжиж байна.

Тодруулбал, “ДБЭХС” ТӨХК-ийн ачаалал сүүлийн жилүүдэд хэтэрснээс үүдэж шахаж байгаа усны даралт нь аймгийн төвийн орон сууц, албан байгууллагуудыг хэвийн хэмжээнд халааж хүчрэхгүй болоод байгаа. Тиймээс “Дорнод НАА” ОНӨААТҮГ халаалтын системээр усаа халааж, тусдаа нацосоор орон сууцнууд руу шахах юм. Ийнхүү шинээр суурилуулан ажиллуулах гэж буй ЦТП-50 станцаас арван мянгат хорооллын урд талын зургаа, шинээр ашиглалтад орсон 44, 145,  13-17, 69, 75-р байр, хэд хэдэн албан байгууллага дулаанаар хангагдана. Өнөөдрийн байдлаар шугам солих ажил арван мянгат хорооллын дунд болон 45-р байрны орчимд хийж байна.

“Дорнод НАА” ОНӨААТҮГ нь хотын төвийн дулаан хангамжийг хариуцан жилийн дөрвөн улирлын турш амралтгүй ажилладаг онцлогтой. Өнгөрсөн өвөл арван мянгат хорооллын зарим орон сууцны дулаан хангалтгүй байснаас зутруу өвөлжиж байна гэсэн гомдол иргэдээс ирж байсан юм.

Холбоотой мэдээ