Эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд шагнал гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-06 09:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад /2020.07.03/ шагнал гардуулав.


Тагнуулын ерөнхий газраас ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд 2 дахь жилдээ зохион байгуулсан уг уралдааныг улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм үйлчилж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр явуулав. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй сургуулийн 355 сурагч бүтээлээ ирүүлжээ. Тэдний бүтээлийг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Зохион байгуулах комисс шалгаруулж, байр эзлүүлсэн байна.


Тусгай шагналыг Консерваторийн 12 а ангийн сурагч Э.Дөлгөөн, Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 12 б ангийн сурагч Э.Эрдэнэбат тус тус хүртсэн бол III байрт Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуулийн 11 в ангийн сурагч Ж.Өлзийжаргал, II байрт “Логарифм” дунд сургуулийн 12 а ангийн сурагч Д.Мандах-Од нар шалгарлаа.


Харин тэргүүн байрыг Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 е ангийн сурагч А.Амаржин эзэлжээ. Энэхүү шагналыг Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Үндэсний тагнуулын академийн захирал, хурандаа Г.Батжаргал нар сурагчдад гардуулж, баяр хүргэсэн байна.

Холбоотой мэдээ