Таж Махалыг хаах шийдвэр гаргажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-06 13:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 203 мянган хүн шинээр өвчилж, 5 000 гаруй хүн нас баржээ.

Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, ОХУ, Энэтхэг, Перу, Чила, Их Британи, Испани Мексик, Итали улс дэлхийн хэмжээнд эхний 10-т орсон байна. Нас баралтын тоогоор АНУ, Бразил, Их Британи, Итали, Мексик улсад хамгийн их байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит мэдээллийн үеэр танилцуулав.

Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д  шинээр 52 мянган хүн өвчилж, 271 хүн нас барж, нийт өвчлөлийн тоо 2 сая 841 мянга гаруй болжээ. Үүнээс 129 мянган хүн нас барсан байна.

Бразилд шинээр 26 мянга гаруй хүн өвчилж, 602 хүн нас барсан байна. Халдвар өссөн дүнгээр 1 сая 603 мянга болж, 64 800 гаруй хүн энджээ. Ингээд нийт халдвартай хүмүүсийн  906 мянга гаруй  бүрэн эдгэрсэн байна. Одоогоор 631 мянга гаруй хүн халдварласан байна.  

Энэтхэгт өчигдөр халдвартай хүний тоо 24 мянга 850 болж, нийт 673 мянга тохиолдол болж, Агра хотод улам бүр нэмэгдэж байгаа учраас орон нутгийн засаг захиргаа Таж Махалыг хаах шийдвэр гаргажээ.

ОХУ-д халдвар өссөн дүнгээр 681 мянга гаруй, нас баралт 10 мянга 100 гаруй болжээ

Казахстанд  нийт 47 000 гаруй тохиолдол, 240 нас баралт бүртгэгдээд байна. Тус улсад 3 дугаар сараас хатуу хөл хорио тогтоож байгаад 5 дугаар сарын сүүлчээс хязгарлалтуудаа цуцалсан.  Хөл хориог цуцлах хүртэл бүртгэгдсэн халдвар 8 000 гаруй байсан. Харин түүнээс сар гаруй хугацаанд халдвар 5 дахин нэмэгдэж 47 мянгад хүрчээ. Тиймээс дахин хөл хорионы дэглэмд шилжиж, дэлгүүр,  худалдааны төв, усан бассейн,  үсчин гоо сайхны газар зэрэг нийтийн үйлчилгээний бүх газрыг  2 долоо хоногийн хугацаатай хаахаар шийдвэрлэжээ

Японд шинээр  208 тохиолдол бүртгэгдсэнээс 111 нь Токиод бүртгэгджээ.

Австралд шинээр 94 тохиолдол нэмэгдсэнээс  74 нь Виктория мужид, 14 нь  Нью Саут Вэльс мужид,  6 нь баруун Австрали мужид байна. Виктория мужаас халдвар зөөвөрлөгдөхөөс сэргийлж Нью Саут Вэльс муж Виктория мужтай хиллэх хилээ хаах шийдвэр гаргажээ.  Виктория мужийн  нийслэл Мэльбурн хотод зайнаас харилцах дүрмийг мөрдүүлж,  халдвар дэгдсэн  нутагт бүрэн хөл хорио тогтоожээ.

БНСУ-д  шинээр 48 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.  

БНХАУ-ын эх газарт 4 шинэ тохиолдол бүртгэгдсэний  3 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн бол нэг нь Бээжин хотын Пэнгтай дүүрэгт бүртгэгджээ. Бээжин хотын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, 6 дугаар сарын 11-нээс хойш тус хотод бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь Симпати хүнсний захад орших Пенгтай, Дасин дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 47 хувь нь Симпати захад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байсан байна.  Батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 335 болсноос одоогийн байдлаар 11 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Хонконгт ням гарагт 10 тохиолдол бүртгэгдсэнээс 8 нь гаднаас зөөвөрлөгдөж, 2 нь дотоодод бүртгэгджээ. Шинэ тохиолдлын 1 нь нийтийн хоолны газрын ажилтан харин нөгөө тохиолдол нь хувийн клиникийн  сувилагч халдвар авсан байна. Дээрх тохиолдол нь халдварын нууц үед гадагшаа зорчсон аяллын түүхгүй гэжээ.


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ