Засгийн газар 14 яамтай ажиллахаар төсөлд тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-06 17:37:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 


Төсөлд, Монгол Улсын Засгийн газар 14 яамтай ажиллах бөгөөд үүнээс 6 нь ерөнхий, 8 нь чиглэлийнх байхаар тусгасан байна. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүн ажиллуулах юм. Ингэхдээ, соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сэргээх тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновацын төсөл хөтөлбөрийг оновчтой зохион байгуулахын тулд БСШУСЯ-ыг БСШУ болон Соёлын яам болгон хуваажээ. Харин нийтийн биеийн тамирыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэх явдыг дэмжиж хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг үндэслэн спортын чиг үүргийн бодлого зохицуулалтыг Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. 


Засгийн газар нь:


-Байгаль орчин, аялал жуулчлалын яам


-Батлан хамгаалах яам


-Гадаад харилцааны яам


-Сангийн яам


-Хууль зүй, дотоод хэргийн яам


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;


-Барилга, хот байгуулалтын яам


-Боловсрол, шинжлэх ухааны яам


-Зам, тээврийн хөгжлийн яам


-Соёлын яам


-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам


-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам


-Эрчим хүчний яам


-Эрүүл мэндийн яам гэсэн бүтэцтэй байхаар төслийг боловсруулжээ.


Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурджээ. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.


Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгасан байна. 


Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Монгол Улсын Шадар сайдын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн газрыг Соёлын сайдын, Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцөх саналд Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яам болгох, Эрчим хүчний яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг нэгтгэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгох, хөгжлийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр нэмэх, түүнчлэн Засгийн газрын зарим агентлагийн нэрийг өөрчлөх зэрэг санал ирүүлсэн байна.


Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдахгүй, шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын бүтэц, бүрэпдэхүүнд зарчмын томоохон өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн байна.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Хөгжийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт opyyлax тухай зэрэг хуулийн төслүүд; “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”; “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.

Холбоотой мэдээ