Алслагдмал дүүргүүдийг мандатгүй болгож, Увс аймгийг 3 мандаттай болгов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс шалтгаалан энэ удаагийн сонгуулийг дан можаритар буюу жижиг тойргийн тогтолцоогоор явуулах болсон. Тиймээс пропорциональ буюу намын жагсаалтаас сонгогдох 28 мандатыг тойргуудад хуваах шаардлагатай болж, Сонгуулийн ерөнхий хороо санал боловсруулан УИХ-д оруулж ирсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ ирүүлсэн саналаар,
- Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3,
- Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2,
- Булган, Говь-Алтай , Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг тус бүр 1,
- Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайран дүүрэг тус бүр 6,
- Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг тус тус 4,
- Сүхбаатар дүүрэг 3,
- Багануур, Багахангай, Налайх дүүрэг нийлээд 1 мандаттай байхаар төлөвлөсөн байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд СЕХ-г АН-ын бүлгийн захиалгаар дээрх саналыг боловсруулсан хэмээн шүүмжлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Энхболд “УИХ-ын тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, байршлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн заалтыг СЕХ зарим хэсэгт бариагүй байна. Тухайлбал, Дорнод аймаг 76700 хүн амтай, 123600 км2 газар нутагтай. Хэнтий 72500 хүн амтай, 80300 км2 газар нутагтай. Гэтэл Дорнодод 2 мандат, Хэнтийд 3 мандат хуваариласан байна. Үүнд ямар зарчим баримталсан бэ” гэхэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “СЕХ тойрог байгуулах, мандатын тоог гаргахдаа хуулийн заалтыг харгалзаж үзсэн. Дорнод, Хэнтий аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ таны хэлсэнтэй адил. Гэхдээ Дорнод 14 сумтай, Хэнтий 18 сумтай. Үүнийг харгалзсан” гэв. Харин Ё.Отгонбаяр гишүүн “СЕХ хэн нэгний захиалга барьж орж ирсэн нь тодорхой байна. Булган аймаг 61138 хүнтэй, 16 сумтай, Өмнөговь аймаг 60872 хүнтэй, 15 сумтай. Булган аймаг хүн ам болон сумынхаа тоогоор илүү байхад Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. СЕХ Өмнөговийн нэг иргэн, Булганы хоёр иргэнтэй тэнцэнэ гэж харьцуулсан бол түүнийгээ бичгээр гарга. Цаашлаад энэ бол Үндсэн хуулийн заалт зөрчлөө” гэсэн бол Я.Содбаатар гишүүн “Тойрог, мандатыг хуваарилахдаа заавал зарчим баримтлах ёстой. Гэтэл нэг хүний зохиосон зарчмыг барьж хийсэн хуваарилалтаа оруулж ирсэн байна. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстойгоос биш АН-ыг хамгаалах хууль биш” гэх мэтээр шүүмжлэл хэлж байлаа. МАН-ын гишүүдийн хувьд Говь-Алтай, Булган, Дорноговь зэрэг аймгуудыг ганцхан мандаттай болгосонд голчлон шүүмжилж, АН сонгуульд ялах зорилгоор ийм зохицуулалт хийж байна гэлээ.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гишүүн “СЕХ захиалга авч ажлаа хийдэг гэж бодохгүй байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлгож байна” гэсэн бол Н.Алтанхуяг гишүүн “МАН-ын гишүүд өөрсдөө 13 жилийн туршид буюу гурван сонгууль дараалж мөрдсөн хуулийг зөрчсөн. Сонгуулийн хууль болохоос 6 сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалга өгсөөр байгаад Цэцээр дамжуулаад хүчингүй болгосон” гэлээ.
СЕХ-ны зүгээс тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг бүрэн харгалзан үзсэн, захиалга авсан зүйл байхгүй гэдгийг дахин дахин хэлж байв. Тухайлбал СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Тойрог мандатын хуваарилалт хийх үеэр зарим нам, аймаг дүүргийн Засаг дарга зэрэг хүмүүсээс санал ирсэн. Гэхдээ бид үүнийг харгалзаж үзээгүй. СЕХ хэн нэгний нөлөөнд автах ёсгүй” гэсэн юм.
Ингээд гишүүд саналаа хэлж, асуулт асууж дууссаны дараа тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Санал хураалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сүхбаатар аймгийн мандатын тоог хасахгүй байх”, “Чингэлтэй дүүргийн мандатаас хасч Говь-Алтай, Дорноговь аймагт нэмэх, Хэнтий аймгийн мандатаас хасч, Булганд нэмэх” зэрэг санал гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Харин АН-ын бүлгийг төлөөлж Г.Батхүү, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нарын гишүүдээс гаргасан “Сүхбаатар аймгийн мандатыг хасч, Увс аймгийн мандатыг 3 болгох”, “Багахангай дүүргийн мандатыг Хан-Уул дүүрэгт /ингэхдээ зарим хороодыг бусад дүүргүүдэд/ Багануур дүүргийн мандатыг Сүхбаатар дүүрэгт, Налайх дүүргийн мандатыг Чингэлтэй дүүрэгт нэгтгэх” зэрэг санал гарсан нь бүгд дэмжигдэж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх болов. Харин үүнд МАН-ын бүлгийн болон АН-ын Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, аймгуудын мандатыг хасч, тухайн аймгийн ард иргэдийг төлөөлөх гишүүдийн тоог цөөлж байж тэр тойргоос сонгогдсон гишүүнийх нь саналыг авсангүй гэж шүүмжлэв.
Ингээд багагүй маргалдсаны эцэст МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай завсарлага авч, дахин зөвшилцөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч байнгын хорооны дарга өгсөнгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулиар тойрог, мандатын тоог санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тогтоох ёстой гэж заасан байдаг бөгөөд энэ нь бямба гарагт дуусах юм байна. Тиймээс ажлын хоёр хоногийн хугацаа үлдэж байгаа учир завсарлага өгөх боломжгүй гэлээ.
Ингээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Үүний дараа МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхиж гарсан учраас энэ асуудлын дараа хэлэлцэх байсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ажлын хойшлуулах саналыг хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг гаргаснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал