Тусгаарлалтад байсан иргэний мэс засал амжилттай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-07 14:25:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан иргэнд мухар олгойн идээт үрэвслийн улмаас мэс засал хийж, амжилттай болсон талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал  мэдээллээ.


Тэрбээр, эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа иргэд өргөдөлдөө өөрийн эрүүл мэндийн байдлыг тодорхой бичиж ирүүлэх нь эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тухайн иргэнийг хаана хуваарилах, ямар тусламж үзүүлэх вэ гэдэгт чухал ач холбогдолтойг онцолсон юм. Өнөөдрийн байдлаар 2875 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд 57 эмч, 85 дадлагажигч эмч, 76 эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгаарлалтад 5 хүртэлх насны 176, жирэмсэн эмэгтэй 104, хорт хавдартай 24, хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн байна. Чихрийн шижин, артерийн даралт ихсэх бусад эмгэгийн улмаас 328 иргэн тусгаарлагджээ.

Түүнчлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн хоёр нислэгээр энэ сарын 2-нд ирсэн 426 зорчигч, 16 нисэх багийн ажилтнуудыг хүлээн авчээ. ХӨСҮТ-д ес, Цэргийн төв эмнэлэгт 22, бусдыг нь тусгайлан бэлдсэн тусгаарлах байранд тусгаарласан байна. Мөн АНУ-аас зүрхний мэс заслын хагалгаанд орсон есөн хүүхдийг асран хамгаалагч, орчуулагчийн хамт энэ сарын 2-нд  ирсэн. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой тусгаарлалтын байранд байгаа аж.  


С. Туул

Холбоотой мэдээ