“Юу байна түүгээрээ тусалъя” сайн үйлсийн аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-07 21:11:56

Ховд /МОНЦАМЭ/. Нийгэмд эерэг хандлага бий болгох зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнгийн талаар сурвалжиллаа.   

Тус үйл ажиллагааны хүрээнд “Юу байна түүгээрээ тусалъя” сайн үйлсийн аян өрнүүлэх замаар аймгийн хэмжээнд нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байсан 90 гаруй өрхөд гэр ахуй, хувцас, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай Жаргалант сумын 3 өрхөд шинээр хашааны газар олгож, хашаа татах, өргөө цагаан гэр, гэрийн тавилга болон бусад эд зүйлс олгох зэргээр амьдрах орчныг нь сайжруулжээ. 

Мөн хөдөлмөр эрхлэх боломжтой өрхийн гишүүдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгөх, хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх зэрэг олон талт ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Улмаар сонгогдсон зорилтот 3 өрхийн гэр бүлийн хэрэгцээнд олгосон газарт шинэ хашаа татах, орчны хог хаягдлыг цэвэрлэх, гэрийн буйр цутгах, цахилгааны монтаж хийх, хашааны өнгө үзэмж сайжруулах, гэр барих зэрэг ажлыг зохион байгуулагч, оролцогч талууд хамтын хүчээр үе шаттай гүйцэтгэсэн юм.

Энэ ажлын үр дүнд олон хүүхэдтэй, цаашид өсөж хөгжих чин хүсэлтэй эдгээр залуу гэр бүлүүд өдгөө өөрийн эзэмшлийн хашаандаа бууж, гэрээ хэдийнээ тохижуулжээ. 

Олны хүч оломгүй далай гэдгийг бодитоор харуулсан “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагаанд нийт 50 гаруй байгууллага, 200 гаруй иргэн идэвхтэй оролцож, сэтгэлийн өглөг, хандив өгчээ. 

Н.Баатар: Ажилд орсноор тогтмол орлоготой болж илүү сайхан амьдрах боломж бүрдлээ


“Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хүрээнд бодит дэмжлэг авсан эхний зорилтот айл бол ямар ч ажлыг голохгүй хийх чин хүсэлтэй Жаргалант сумын иргэн Наранцэцэгийн Баатарынх юм.

Жаргалант сумын иргэн Н.Баатарын тухайд эхнэр, 0-10 насны 4 хүүхдийн хамт айлын хашаанд амьдарч, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Тиймээс өрхийн тэргүүн Н.Баатарыг Ховд эко цемент”-ний үйлдвэрт туслахын ажилд зуучлан оруулж байнгын ажлын байртай болголоо.

Мөн Жаргалант сумын Бичигт багт шинэ газар олгож хашаа татан, гэрийн бүрээс, хулдаас, цахилгааны утас, будаа агшаагч гэх мэт эд зүйлсийг олгосон байна.

Иргэн Н.Баатар хэлэхдээ: “Олон хүний тусламж, дэмжлэгээр өөрийн эзэмшлийн хашаатай болсон төдийгүй байнгын ажлын байртай болсондоо маш их баяртай байна. Ийнхүү ажилд орсноор тогтмол орлоготой болж илүү сайхан амьдрах, үр хүүхдээ сэтгэл тэнүүн өсгөх боломж бүрдэж байна” гэв.  


Б.Алимаа: Олон хүний сэтгэлийн дэмээр урам авсан 


“Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хүрээнд бодит дэмжлэг авсан дараагийн зорилтот өрх бол олон ам бүлийг тэжээж яваа хөдөлмөрч бүсгүй Баянмөнхийн Алимаагийнх юм. Тэрбээр 30 настай, 5-11 насны 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх.

2013 оноос эхлэн “Эрка эгчийн гуанз” гэх цайны газарт туслах ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй учир аавынхаа гэрт, хүүхдүүдийн хамт амьдарч байжээ.

Тэгвэл өдгөө Жаргалант сумын Бичигт багт хувийн эзэмшлийн газар, хашаатай болсон төдийгүй иж бүрэн тавилгатай шинэ гэртэй болжээ. Түүний гэрийн буурийг цементээр цутган  ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу бүрэн хийж тохижуулсан байна. Мөн “Юу байна түүгээрээ тусалъя” аяны хүрээнд цугласан бүтээгдэхүүнээс хувцас, хүнс, ахуйн хэрэглээний болон гоо сайхны бүтээгдэхүүн олгосон юм.

Иргэн Б.Алимаа хэлэхдээ: “Залуу хүний хувьд амьдралд тохиолдох бэрхшээл бүрт шантрахгүй даван туулахыг хичээдэг. Цаашид надад тусалсан олон хүний сэтгэлийн дэмээр урам авч, гэрэл гэгээтэй амьдралд тэмүүлнэ. Үүний зэрэгцээ үр хүүхдээ сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх болно. Надад тусалж, намайг дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.

Б..Намхай: Хүн ямар ч ажлыг голохгүй хийхэд амжилт гаргах боломжтой



Жаргалант сумын иргэн Намхайн Оюунчимэгийн тухайд  37 настай,  2-15 насны 4 хүүхэдтэйгээ  амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр 2018 оноос хойш Хот тохижилт орон нутгийн  өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газарт гэрээт ажилтнаар ажиллаж байна. Өөрийн эзэмшлийн хашаагүй учир айл айлын хашаа дамжин нүүдэг байсан тэдний гэр бүл мөн л Жаргалант сумын Бичигт багт хувийн эзэмшлийн газартай, шинэ хашаатай боллоо.

Мөн аянд оролцогчид гэрийн буурийг цементээр цутган  ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу бүрэн хийж тохижуулж өгсөн юм. Тус өрхөд гэрийн бүрээс, хувцасны шүүгээ, хөлдөөгч, будаа агшаагч, цайны халуун сав зэрэг тавилга, эд зүйлсийг шинээр олгосон.

Түүний аав Б.Намхай: “Жаргалыг хүсвээс хөдөлмөрийг эрхэмлэ гэх ардын цэцэн үг бий. Хүн ямар ч ажлыг голохгүй хийхэд амжилт гаргах боломжтой гэж би итгэдэг. Ийнхүү миний охины амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлж, аз жаргал, баяр баясал бэлэглэсэн нийт байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Миний охин шинэ хашаатай болсон учраас цаашид  илүү сайхан тохижуулаад амьдарч чадна гэж бодож байна” хэмээн ярьж байв.

Тус үйл ажиллагаанд нэгдэн оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Талархал” хадгалууллаа.     

Холбоотой мэдээ