Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцууллаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-08 10:36:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилж буй Засгийн газрын сайд нараа танилцууллаа. 


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэхээр заасан. Ингэхдээ, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайдын албыг давхар хашихаар хязгаарласан юм. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох бол Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улираан томилохоор болжээ. Мөн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираах бол Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж буйгаа танилцуулав. 


Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаяр, Зам тээвэр, хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтарыг томилохоор болжээ. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг, ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайханг томилж байгаа юм. 


Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайдаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг томилохыг дэмжсэн байна. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайдаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар "Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарыг томилохоо танилцууллаа. Сайдаар томилогдож буй хүмүүсийн намтартай энд дарж танилцна уу.


Томилгоотой холбогдуулан гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гадаад улсад байгаа, эргэн ирэх хүсэлт гаргаад буй иргэдээ татан авах, тэр дундаа оюутнуудын асуудалд онцгой анхаарах шаардлагын талаар хэлж, яаралтай холбогдох арга хэмжээ авахыг Ё.Баатарбилэг гишүүн хэллээ. Ц.Мөнх-Оргил гишүүн хэрэглээний татварыг ялгамжтай тогтоон өөрчлөх, тансаг хэрэглээний тэлэлтээс үүдэн энэ төрлийн татварыг олон улсын жишигт нийцүүлэх, татварын тогтолцоогоор ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжих саналыг гаргасан. О.Цогтгэрэл гишүүн импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд татварын ялгамжтай бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байгааг хэлж, тодорхой жишээ дурдсан юм.


2019 оны 03 дугаар сард татварын багц хуулийг шинэчлэсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлсүх тодотгоод, өнгөрсөн хугацаанд татвартай холбоотой үүсэж байсан олон асуудлыг засаж залруулах, ололт дэвшилтийг бататгах зохицуулалт бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавин ажилласан гэлээ. Энэ хүрээнд олон янзаар тайлбарлах шаардлагагүй, энгийн байх нь оновчтой гэдэг зарчмыг баримталсан гэлээ. Түүнчлэн татвар, гаалийн байцаагч нарын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлд анхаарал хандуулан, техник технологийн нөхцөлийг сайжруулаад байгааг дуулгав.


УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нар Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хамгийн богино хугацаанд дуусгах, холбогдолтой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байх шаардлагын талаар хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Б.Баттөмөр нар үг хэлж, шинээр томилогдох сайд нарт хандан Засгийн газрын үйл ажиллагааны талаар зарим санал хэллээ. Б.Энхбаяр гишүүн хуулийн хулгайг хуулиар таслан зогсоох, хөгжил дэвшил, эдийн засгаа хуулиар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, УИХ-аас баталсан бодлогын баримт бичиг, шийдвэрийг салбарын яамд хэрэгжүүлэхгүй явж ирсэн баримтуудыг дурдсан.


Нийгмийн бүхий л харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжуудын хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн Зөрчлийн тухай хууль хэрэгжээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариултынхаа үеэр дурдав. Энэ хугацаанд нийгмийн харилцааны зөрчил гаргасан бүх иргэн энэ хуулиар хариуцлага хүлээж, энэ хуулийг буруутгаж байгаа, нөгөөтэйгүүр хуульд сануулах, албан шаардлага хүргүүлэх зохицуулалтыг тусгаагүйгээс шууд хариуцлагын арга хэмжээг авч байгаа болохыг тэрбээр тайлбарлав. Жилд дунджаар 1-2 сая зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн дүн мэдээллийг мөн дурдсан. Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг гүйцэтгэж байгааг мөн мэдээлсэн. Цаашид нийтийн эрх зүйн салбарт хийгдсэн шинэчлэлийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, “Эрх зүйн шинэтгэл”-ийг дүгнэж, энэ чиглэлээр хоёр дахь бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлага бий гэдгийг Улсын Их  Хурлын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлж байв.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Н.Учрал нар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдохоор танилцуулсан Л.Цэдэвсүрэнд хандан бүх нийтээрээ боловсролын шинэчлэлийг анхаарал тавин хүлээж байгааг санууллаа. Сүүлийн 20 жилд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг дөрвөнтөө өөрчлөхдөө дандаа орчуулгын хувилбарыг ашигласан гэдгийг дурдаад боловсролын хөтөлбөрийн шинэчлэхдээ Аж үйлдвэрийн IV хувьсгалд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэхэд анхаарах ёстойг онцлов. Мөн багш нарын чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, их дээд сургуулийн засаглалын асуудлыг олон улсын түвшинд нийцүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах шаардлагыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа боловрол, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар шүүмжлэл хэлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллагааны талаар санал хэллээ.

Холбоотой мэдээ