“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг цахимаар үзэгчдэд хүргэв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-07-09 15:27:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг цахимаар явууллаа. Тус наадам Монгол, Германы уран бүтээлчдийн Овоо”  хамтын бүтээлээр “White Rock” төвд өчигдөр өндөрлөсөн юм.

 

Энэхүү наадмын онцлогийн талаар Монголын Урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Энхчимэг хэлэхдээ, “Цахимаар зохион байгуулсан учир наадмын цар хүрээ тэлж, олон хүнд хүрсэн. Цар тахлын улмаас хил хаалттай ч олон улсын хамтарсан хоёр уран бүтээл, цахим контент хийхтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хөтөлбөрийн хэсгүүд өнөөгийн уран бүтээлчид тулгарч байгаа асуудлыг тусгасан учир олон хүнд хүрсэн гэж бодож байна. Өмнөх жилүүдэд Монгол болон олон улсын уран бүтээлчид хамт аялж, санаа бодлоо солилцсоны үндсэн дээр бүтээл туурвидаг байсан. Энэ үйл явц их чухал. Харин энэ жил хил хаасан учир цахимаар холбогдон, Герман, Голландад төрсөн санааг Монгол уран бүтээлчид амьдруулсан нь шинэлэг зүйл боллоо” хэмээв.

 

“Овоо” медиа уран бүтээлийг Монголын уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Германы уран бүтээлч Али М.Демирел нар хамтран бүтээж, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат ажилласан юм.

Медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, “Монгол орноо мэдрэх мэдрэмжид Герман уран бүтээлчийн санааг тусгаж, холимог бүтээл туурвисан нь сонирхолтой байлаа. Энэ нь очиж үзээгүй газраа тайлбарлуулж, тэр мэдрэмжийг хэлмэрчилж буй мэт юм. Герман уран бүтээлч байгаль, ус горхины долгион, ойн гүн, тэнгэрийн зураглалыг харахыг хүсэж байсан. Цаг хугацаа бага тул элсний зураг авахад бэрхшээл тулгарсан. Говийг зорих гэхэд цаг бага, очлоо гэхэд Хонгорын  элс өдөр бүр шуурахгүй шүү дээ. Тиймээс уран бүтээлчийн хувийн архиваас тодорхой хэсгийг бүрдүүллээ” гэв.  

 

Наадмын нээлтийн үеэр толилуулсан “Бодлын зэрэглээ” бүтээлийн тухай медиа уран бүтээлч Л.Ганболд,  “Уг бүтээлийн суурь санааг Голланд уран бүтээлч гаргасан. Бид тэрхүү санааг хүлээн авч, хийх ёстой зүйлээ шууд мэдсэн. Хэдий холоос цахимаар холбогдож байгаа боловч хоёр талаас шууд ойлголцсон нь их сайхан байлаа. Бид хөдөө нутагт үндсэн санааг амилуулах чимхлүүр ажлыг байгалийн шохой чулуу, элс зэргийг ашиглан хийсэн. Голланд уран бүтээлч маань уг бүтээлээ үзээд уйлсан гэсэн. Өмнө нь уран бүтээлчид үзэсгэлэн гаргахдаа хэнтэй хамтрах, хаана гаргах зэрэг асуудал гардаг байсан. Одоо тэр олон шат байхгүй болсон нь шинэлэг байлаа” хэмээв.

 

Олон улсын медиа урлагийн тав дахь удаагийн “Улаанбаатар” наадам 6 сарын 18-нд эхэлж, олон улсын  12 уран бүтээлчийн хамтарсан “Бодлын зэрэглээ”, “Овоо” хэмээх медиа урлагийг бүтээлийг толилуулсан. Мөн наадмын хүрээнд “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. “Бодлын зэрэглээ” бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн (Arts Council of Mongolia) цахим хуудаснаас үзэх боломжтой юм.

 

И.Даваадорж

 


Холбоотой мэдээ