Байнгын хороодын дарга нарыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 18:24:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай тогтоолыг баталлаа. 


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно" гэж заасны дагуу Байнгын хороод өнөөдөр хуралдаж дарга нараа дараах байдлаар тодруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжжээ.


Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр;


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун;


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат;


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ;


Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал;


Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг;


Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан;


Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн;


Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт;


Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар;


Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг сонгохыг Байнгын хороо тус бүр дэмжжээ.  


Чуулганы нэгдсэн хуралдаанаар, гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэнээр, Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай тогтоол батлагдлаа.

Холбоотой мэдээ