Төрийн далбааг мандуулж цэргүүд ёслон жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-10 10:31:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулах ёслол боллоо. 


Монгол Улсын Төрийн далбааг мандуулсны дараа цэргийн ёслолын жагсаал болж, Төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлэв. Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ жил жагсаалд Зэвсэгт хүчин, Онцгой байдал цагдаагийн цөөн алба хаагчдын төлөөлөл жагслаа. 



Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. 



Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөөт тэмцэгч, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргийн хүсэл зоригийн илтгэн мандсаар байна. Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.



Сонирхуулахад, АНУ 6 дугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали 1 дүгээр сарын 7, Аргентин 6 дугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европын холбоо 5 дугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.

Холбоотой мэдээ