Жолооч нарт замын хөдөлгөөнтэй холбоотой зөвлөмж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-10 13:31:58

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Орон нутгийн замд хөдөлгөөний соёл" аяны хүрээнд хот хоорондын А0304 замын чиглэлд хурд хэмжиж иргэд жолооч нарт замын хөдөлгөөнтэй холбоотой зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.


Тухайлбал хот хоорондын замын нөхцөл байдалд хурдаа сонгож дүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцох, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, хэт ядарсан үeдээ хөдөлгөөнд оролцохгүй байх талаар мэдээлэл сэрэмжлүүлэг өгч хот хоорондын замд хурд хэмжиж байна.

Түүнчлэн тус газраас баяр наадмын өдрүүдэд наадамчин олонд хэд хэдэн зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэсэн юм.

• Автомашин, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, эгнээ байраа  зөв эзлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн зогсоол, талбайд байршуулах,

• Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах олон нийтийн болон хөл хөдөлгөөн ихтэй газарт бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, эрсдэл, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх,

• Морь унаж наадмын талбайд нэвтрэхгүй, явган хүнд зориулсан замаар явахгүй байх, морины үнэт эдлэл, хэрэглэлээ хамгаалах арга хэмжээ авч, сонор сэрэмжтэй байх,

• Өөрийн гэр, орон сууц, автомашинаа эзэнгүй орхихгүй байх,

• Архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх,

• Байгаль орчноо бохирдуулахгүй байж, хог хаягдлыг зориулалтын саванд хийх,

• Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг уриалав.


Холбоотой мэдээ