Говь-Алтайн баяр наадам нээлтээ хийлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-07-11 14:48:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. 


Говь-Алтай аймгийн баяр наадам Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын наадамчин олонд хандсан мэндийн үгээр эхэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулснаар үргэлжиллээ. Түүнчлэн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид, спорт, соёл урлагийн шилдэг төлөөллүүд баярын жагсаалд оролцон наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү Алтай нутгийн баяр нартай, хуртай эхэлж хурдан морьдын уралдаан, сур харваа, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байна.