Хонконг дахь Японы фирмүүд шинэ хуульд санаа зовниж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-16 11:46:06

ТОКИО. /NHK/. Хонконгт бизнес эрхэлдэг Японы фирмүүдийн 80 гаруй хувь нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуульд санаа зовниж байгааг нэгэн судалгааны дүн харуулжээ.


Японы Гадаад худалдааны байгууллагын /JETRO/ Хонконг дахь салбар, Хонконг Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимаас долоодугаар сарын 2-8-нд судалгаа явуулж, 598 фирмтэй холбоо тогтооход 304 нь хариу ирүүлсэн байна.  


Судалгааны дүнгээс үзэхэд, тэдгээрийн 81 орчим хувь нь шинэ хуульд их бага хэмжээгээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд мэдээлэл авахад хязгаарлалт тогтоож магадгүй байгаад хамгийн их санаа зовниж байгаа ажээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 14.5 хувь нь Хонконгийн зах зээлээс гарах юм уу бизнесийн хүрээгээ багасгах талаар эргэцүүлнэ гэж хариулжээ.


Японы Гадаад худалдааны байгууллагын Хонконг дахь салбарын дарга Такашима Томохирогийн мэдээлснээр, шинэ хууль урьдчилан таамаглаж байгаагүй хүчин зүйлүүдийг хамарч байгаа бөгөөд үүнийг дур мэдэн ашиглах нь Японы фирмүүдийг болгоомжлоход хүргэж байгаа ажээ.


Мөн Хонконг дахь Америкийн худалдааны танхимаас явуулсан судалгаагаар тус хот дахь АНУ-ын фирмүүд ч гэсэн санаа зовниж эхэлснийг тогтоожээ. Тэдгээрийн 76 хувь нь шинэ хуульд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 36 хувь нь Хонконг дахь ажлын байр, хөрөнгөө нүүлгэх талаар тунгаана гэж хариулжээ. 

Холбоотой мэдээ