Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-16 21:43:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа.


Тодруулбал, уг хүүхэд энэ сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд маргаашнаас нь өндөр халуурч ханиалгасан байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд тус аймгаас мэргэжлийн эмч нарын баг Эрдэнэ сум руу явжээ. 

Тус аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь долоодугаар сарын 12-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай суманд хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бол ийнхүү тав хоногийн дараа дахин уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтод тус аймгийн ЭМГ, ЗӨСТ болон Онцгой байдлын алба, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран ажиллаж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээд байна. 


Холбоотой мэдээ