Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-07-28 10:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн энэ өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” /World Hepatitis Day/ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 2015 онд ДЭМБ вируст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалжээ. Вируст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болж, олон улс орны эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа.

Энэ жил уг өдрийг “Хепатитгүй Ирээдүй” уриан дор, "COVID-19"-ийн цар тахлын үед нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах чиглэлээр зорилт тавин тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Манай улс энэ өдрийг 10 дахь удаагаа тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газар элэгний вирусний халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусний шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. 

Элэгний В, С вирусний халдвар илрүүлэх, вирус тоолох, шинжилгээ хийх, элэгний вирусний эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож буй. Энэ нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм. 



Иргэд, ялангуяа залуучууд хепитатын вирусний халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болох юм. Энэхүү өвчнөөс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад иргэд, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал юм. 

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021” хөтөлбөрөөр хепатитын вирусний халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын Засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ