ОХУ, БНХАУ, Украйн, Эстон руу дамжин өнгөрөх шуудан тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-06 19:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Стратеги, бизнес хөгжил хариуцсан дэд захирал Н.Хосбаяр цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. 


Тайлант хугацаанд тус компани шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллажээ. Үүнд: 

  • Гараас гарт хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлж, энэ төрлийн үйлчилгээний орлогыг 69 хувиар нэмэгдүүлэв. 
  • Аймаг, хот хоорондын шуудан тээвэрлэлт, логистик үйлчилгээг өргөжүүлэн, өөрийн тээврээр хойд, урд, зүүн чиглэлийн нийт 11 аймаг уруу тогтмол хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэг болов. 
  • "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 9 их, дээд сургуультай хамтран ажиллаж, нийт 5000 гаруй төгсөгчийн дипломыг хаягийн дагуу хүргэв. Мөн тусгай үүргийн 25 нислэгээр гадаад шуудан солилцох горимд шилжив. 
  • ОХУ-БНХАУ, БНХАУ-Украйн, Эстон улс уруу дамжин өнгөрөх шуудан тээвэрлэв. 
  • "Eurogiro" байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд БНСУ-ын шуудангаар дамжуулан улс хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг  “Ард кредит ББСБ” ХК-тай хамтран гүйцэтгэхээр боллоо.



Нийт 5000 гаруй төгсөгчийн дипломыг хаягийн дагуу хүргэжээ.


2020 оны эхний хагас жилд 7.3 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 398.2 сая төгрөгөөр буюу 5 хувиар өссөн боловч шинээр хэрэгжүүлж байгаа транзит тээврийн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны зардал болон орон нутгийн ажилчдын цалингийн зардал нэмэгдэж, улмаар эхний хагас жилд 3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус ХК-ийн тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ