Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-09 11:40:42

ПАРИС. /TASS/. Боомтод болсон дэлбэрэлтийн улмаас ихээхэн хохирол амсаад буй Бейрут хотод дэмжлэг үзүүлэх олон улсын хандивлагчдын бага хурлыг Франц тэргүүлэх аж. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны санаачилгаар зохион байгуулагдах энэхүү видео хэлбэрийн чуулга уулзалтад НҮБ, дэлхийн болон европын эдийн засгийн байгууллагууд, хэд хэдэн улсын засгийн газрын төлөөлөгчид оролцоно. Хурлыг орон нутгийн цагаар 14:00 цагт эхлүүлэх юм байна.


Ливаны нийслэл хотод дэлбэрэлт болсны улмаас 158 хүн амь үрэгдэж, хотын 6 мянга гаруй хүн шархдаж, 21 хүн ор сураггүй алга болжээ.


Дэлбэрэлтийн улмаас хэдэн арван байшин сүйдэж, 300 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Ливаны эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Шараф Абу Шарафын мэдэгдсэнээр, Бейрут хотын 4 эмнэлэгт дэлбэрэлтийн улмаас ноцтой сүйдэж, эм бэлдмэл хүрэлцэхгүй байгаа аж.


Гагнуурын ажил хийж байх явцад Бейрут хотын боомтод хадгалагдаж байсан 2700 тонн аммонийн нитрат дэлбэрсэн нь ийм эмгэнэлт явдал тохиох шалтгаан болсон тухай Ливаны Дотоод хэргийн яам өмнө нь мэдэгдсэн юм.

 

Холбоотой мэдээ