Өвс тэжээлийг 2 дахин нэмж бэлтгэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-11 15:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс 60 гаруй сая толгой мал өвөлжүүлж, хаваржуулахын тулд энэ жил 60.2 мянган тонн өвс, 15.8 мянга гаруй тонн тэжээл бэлтгэнэ. 

Бэлтгэх өвсний хэмжээг өнгөрсөн жилээс хоёр дахин, тэжээлийн хэмжээг 3 мянган тонноор тус тус нэмэгдүүлж буйг ХХААХҮЯ мэдээллээ. Энэ талаар тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх хэлэхдээ, "Энэ жил аймаг орон нутагт бэлтгэх өвс тэжээлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Гэхдээ энэ намар Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Булган аймгаас хадлан бэлдэнэ. Ингэхдээ зуншлага тааруу, хадлангийн нөөц багатай байгаа говийн бүсийн аймгууд дээр дурдсан аймгуудад мөн хадлан бэлтгэх талбай гаргаж өгөх юм. 


Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор аймгаас энэ талаар ирүүлсэн хүсэлтэд үндэслэн дээр дурдсан аймгууд хадлан тэжээл бэлтгэнэ. Энэ талаар хадлан бэлтгэх аймгийн Засаг дарга нарт албан тоот явуулсан. Хадлан бэлтгэх аймгууд болон хадлангийн талбайгаа ашиглуулах аймгуудын Засаг дарга нар хоорондоо гэрээ байгуулан ажиллана" гэв.



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ