Казах иргэдийг нутаг буцаахад хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-12 18:48:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг Казахстан Улсын Элчин сайд онцлон тэмдэглэж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсний дунд БНКУ-д байгаа манай улсын 1300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжинд 200 гаруй иргэнээ татан авчирсан бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Түүнчлэн манай улсад байгаа казах иргэдийг нутаг буцаахад манай Засгийн газраас ЭСЯ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, COVID-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгаж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж хоёр тал үзлээ.

Холбоотой мэдээ