Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-13 14:51:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши У.Хүрэлсүхэд Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.



COVID-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши тэмдэглээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжиж туслахаар ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд COVID-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.


Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Холбоотой мэдээ