ИРГЭНШСЭН ХОТООС УМАРДЫН НҮҮДЭЛЧИД ХҮРТЭЛ |Цуврал 3|

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-08-19 15:58:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Цуврал 3


Учрахыг хүсдэг нь хагацахыг хүсдэгээсээ олон
Угтаа амьдралд бид эрхэлсээр л төгсөнө...
Тө.Бямбасүрэн


9. ӨГЛӨӨНИЙ ҮЙЛ


Г.Далайбаяр эгч өглөөний 5:30 цагийн үед босно. Гэрээ галлаж, өглөөний унд бэлтгэчихээд мянжигаа саахаар гадагш гарав. Үүрээр шивэрч эхэлсэн бороо саалийн үеэр ч мөн орсоор л байлаа. Ер нь энэ өдөр үргэлжилсэн их бороо орох бололтой. Харин ийм зөөлөн борооноос болж тайгынхны ажил зогсох нь үгүй. Тэд мод түлшээ бэлтгэж, цаагаа саана. Цааг өдөрт 4-5 удаа саадаг байна.


Нэг мянжигаас хамгийн ихдээ 300 грамм сүү л гарна. Дунджаар бол 120-200 грамм л байдаг. Гэвч цааны сүү тослог ихтэй учраас 200 грамм сүүгээр 5 литр усыг сүлчихдэг байна. Тийм л учраас ааруул, бяслаг зэрэг цагаан идээгээ өөрсдийн хэрэглээний хэмжээнд цааныхаа сүүгээр хийчихнэ. Ааруул, хурууд бол хөдөөний хүүхдүүдэд чихэр л гэсэн үг. Заримдаа халбагаар бус мэрж явсан ааруулаар хоолоо хутгаад идэх нь ч энүүхэнд. Хүүхдүүд бороо орж буйг ч үл анзааран ааруул мэрсээр цааны зэлэн дээгүүр гүйлдэнэ. Зарим уяатай хугашийг тэвэрч эрхлүүлэх, уяаг нь тайлж эхэд нь тавих зэрэг ажлыг тэд гүйцэтгэнэ.

Г.Далайбаяр мянжигаа  \эм цаа\ тушиж байна 




Мянжигаа сааж дууссаны дараа Г.Далайбаяр эгч түлээ хагалж, өглөөний ундаа бэлтгэхээр гэртээ орлоо. 
Магадгүй өрх толгойлсон эх хүн болох Г.Далайбаяр эгчийг үл таних жуулчин ийнхүү түлээ хагалж зогсоог нь харсан даруйд яах байсан бол гэж гэнэтхэн бодогдлоо. Эхлээд хэсэг зуур гайхна, сониучирхан харж байснаа зургийг нь авна, дараа нь бидэнд энгийн л мэт санагдаж, хэвшсэн ойлголтуудыг няцаасан асуултыг угсруулж асуух нь мэдээж. Харин тайгад түлш бэлтгэх нь хамгийн чухал ажил. Төмөр сүх, түүнийг атгасан арван хуруу өдөрт хэдэн тайрдсыг хагалж, түлш бэлтгэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэндээ асуудал болгож хардаггүй энэ л энгийн нэг ажил цаатан иргэдийн амьдрал дундахь хамгийн чухал үйл. Бороотой, зэврүүн өдрүүдэд урцаа дулаан байлгахаас өгсүүлээд хоол ундны зүйлийг тэд гал түлж болгоно. Мөнхүү өвлийн хахир хүйтний ихэнхийг дулаан зуухны захад л өнгөрүүлнэ. Өвөлдөө зуухыг тойрсон хэсэгхэн газар л бүлээн байхаас бус урцны хаяанд жавар тачигнаж өнждөг гэнэ. Тиймээс ч эндхийн хүмүүс урд талаас нь дулаан илч төөнөж, нуруунаас нь хүйтэн жавар хайрсан гэрт өвлийн урт саруудыг туулж давдаг байна. Харин Г.Далайбаяр эгчээс авахуулаад тайгын нэг ч хүн өвлийн тухай асуултанд минь “хүйтэн, даарсан” гэдэг үгийг хэлэлгүйгээр хариулж байсан юм. Тэд хахир хүйтэн өвлийн жаварт чичирч, аагим зуны бүгчим халуунд наршиж гунддаггүй хүмүүс. Бусад нь чадахгүй болохоор л тайгад суудаг юм биш. Бусдаас илүү хаттай, тэвчээртэй байхад суралцсан учраас л тэд энд аж төрдөг.


10. МАРГАДТАЙ ХАМТ АЛХСАН НЬ




Бороо зогссон хэдий ч түнэрлэсэн саарал үүлс огторгуйд мөнхийн хөдөлгөөнд оршин буй аварга том хөөсөн механик шиг нүүгэлтэж үзэгдэнэ. Нөгөөтэйгүүр тайгад өглөөний сэрүүнд алхахад хамгийн түрүүнд бүчин авах зүйл нь манан. Харин салхи жаахан хөдлөхийн төдийд л хөндийд буусан манан хоромхон зуурт замхарчихдаг юм билээ. Уулын оройд буусан суунаг харин хэсэгтээ замхрахгүй. Алгуурхнаар дээш урагдан хөөрөх мананг тэртээ доороос ажиглан зогсоход ид шидэт үлгэр дотор ороод суучихсан шиг мэдрэмж төрнө. Модод доороос нь тавьж явуулахгүй зуураад байх шиг учир л манан тийм алгуурхан, өөрийгөө уран байж хөөрдөг болов уу гэлтэй. Үлгэр дотор ороод зогсчихсон хүнд ийм л мэдрэмж төрөхөөс яалтай билээ.


Цагааннуур сумаас тайга руу ирэх замд нөхөрлөсөн Л.Маргад-Эрдэнэ охинтой хамт цаа бугын зураг авч, тэр хавийн уул хад, отог дундуур хамт алхахаар болов. Танил маань 13 настай бөгөөд удахгүй 14 хүрнэ. Маргад их сониуч зантай. Басхүү зураг авах, элдэв төрлийн амтатны цаас, хүмүүсийн хэрэглэхгүй орхисон эд юмсыг ашиглаж дурсгалын зүйл урласан хойно түүнийгээ хүмүүст бэлэглэх дуртай. Ер нь их бүтээлч сэтгэлгээтэй нэгэн. Бүр өөрийн гэсэн дууны “CD” ч түүнд бий. Сүүлд Улаанбаатарт ирээд түүнтэй уулзахад надад өөрийн гараар хийсэн бөгж, зүрхэн хэлбэртэй сувинер хоёр бэлэглэсэн юм даг.


Бид хамтдаа Ногоон нуурын уулын наад энгэрт байх Нарийний голын хүрхрээ тийш явлаа. Тайгад байдаг хамгийн том басхүү ганц хүрхрээ нь энэ. Ер нь тус хүрхрээний эргэн тойрон нь Улаан цутгалан, Арсайн хүрхрээ зэргээс дутахааргүй үзэсгэлэнтэйгээс гадна жинхэнэ дагшин байгальд оршино. Мөнхүү өндөр уулын хавцлаар урсах тул асар их дуу чимээтэй. Хүрхрээний дор очихыг хүсвэл Өртөн Хярхан гол даган дээш өгсөж болно. Мөнхүү Хүрхрээний урд талаас доош буух хүний мөрөөр гарсан жимтэй ч хэцүү бэрх тул хүүхдүүдийг тэр замаар авч явахад аюултай. Ер нь тайгын булаг шанд, гол ус нь намуухан долгио татуулж урсах нь үгүй. Нуур, цөөрмийн амгаланд дуртай хэдий ч гол ус намуухан урсах нь нэг л тийм амь тавьж буй аятай мэдрэмж төрүүлдэг. Харин Нарийний голын хүрхрээ хэдэн мянган жилийн түүхийг хүнгэсэн их дуугаар хүүрнэх шиг санагдана.


Маргад “Ямар том хүрхрээ вэ, ёстой гоё юм аа” гэж байна. “Яг юу нь гоё санагдав” гэхэд минь “Тайгын байгаль, уул ус нь бүгд гоё юм. Гэхдээ энэ бүхнийг үзэж, харж яваа минь хамгийн гоё” гэж тайлбарлалаа. Тиймээ, бид дагшин байгалийн сүр хүчийг нүдээр үзэж, өтгөн манан дунд цаа бугын эвэр сэртэгнэн байхийг олж харлаа. Тайгад бороо орохыг, жаахан охид цаагаа барьж унаад зэлэнд нь авчирч уяхыг, цагаан өнгөтэй нохой урцны үүд сахин алсаас анир чагнан хүлээж хэвтэхийг, голын харгианаас залгилж зогсоо цааны хугашийг, үзүүр нь тэнгэрийн гүн рүү шургасан өндөр уулсын манантай оройг үзлээ. Хачирхаж явсан цаатан иргэдийн халуун дулаан сэтгэл, нам гүм амгалан ахуйд зочиллоо. Энэ л хамгийн гоё.


Хүрхрээнээс ирсний дараа Маргад бид хоёр цаа буга хооллов. Цаа их хужирсдаг амьтан учир гялгар уут жаахан шажигнуулахын төдийд л давс нэхэж гүйгээд ирнэ. Харин хужир мараа тайгад бус тал руу, монголын умардад бус өрнөд элбэг бий. Маргад жижигхэн аяганд давсаа жаахан, жаахнаар хийгээд уяатай цаануудад очиж өгнө. “Би бүгдэд нь л давс өгмөөр байх юм” гэлээ. “Энд бараг 200 гаруй цаа бий шүү дээ” гэтэл “Хамаагүй ээ, давс л хүрэх юм бол би өдөржин ч болтугай явсаар байгаад бүгдэд нь өгнө” гэж байна. Мөнхүү энэ отгийн хамгийн том эвэртэй, зарийг |эр цаа| тэр олоод мэдчихэж. Тийнхүү цуг очиж харвал эвэрт нь хадаг уясан үзэгдэнэ. Магадгүй сэтэртэй цаа байх гэж таамаглав.


Маргад-Эрдэнэ, Зүүн тайгын хамгийн том эвэртэй зарь хоёр


Бид хоёр цаануудад давс өгч дуусаад ойрхон байх булгийн тийшээ алхав. Маргад камер барьчихсан зураг авч явна. Тэгснээ “Та дараа ахин тайгад ирэх үү” гэж асуув. “Магадгүй л юм, харин чи” гэхэд минь “Надад зав гарч, аав ээж хоёр зөвшөөрөх л юм бол заавал ирнэ. Та бас бидэнтэй хамт яваарай. Ер нь эндхийн юмсыг ойлгоход, ойртож харж, мэдрэхэд таны камер их тус болж байна шүү” гэх нь тэр. Заримдаа Маргад камерийнхаа нүхээр шагайн харж, харж байснаа зургийг минь дарав. Тэгээд надад “Тантай тайгад хамт явснаа мөнхжүүлж энэ зургийг авлаа. Надтай хамт авахуулснаа биш миний авсан зургийг харин сайн хадгалдаг юм шүү” гэв. Жижигхэн данхандаа булгаас ус авчихаад эргэхдээ би Э.Энхцолмон сэтгүүлчийн нэгэн нийтлэлийн төгсгөлийг санав. “Аль аль нь чи бид хоёрт эрдэнэ”.  


11. ЮМ БҮХЭН ГУНИГТАЙ


“Эгч нь нэг сайхан цуйван хийж өгнөө” гэсээр Г.Далайбаяр эгч модон “гампанз”-аа аваад мах хэрчиж эхлэх нь тэр. Гадаа дахиад л бороо шивэрч байна. Урцны үүд дэлгээтэй. Шиврээ борооны дуслууд агаараас гуниг шүүрдэж олоод газардаж байх шиг. Гэхдээ хачин тунгалаг гуниг. Учир нь өнөөдөр тайгад хонох сүүлчийн өдөр. “Морьтой болоод завтай явсансан бол” гэдэг шиг тайгад ахин хэд хонох хүсэл буцах өдрийн нар мандах нь ойртох тусам улам их төрнө.


Г.Далайбаяр эгч өвлийн саруудыг Цагааннуур суманд өнгөрүүлэх болсноос хойш нэлээд хэдэн жил болжээ. Зундаа тайгад гарч ирэх хэдий ч жилийн ихэнх улирлыг суманд өнгөрүүлдэг гэсэн үг. Хүүхдүүд нь сургууль соёлд орж, эрдэм номын мөр хөөх болсноос хойш иргэншилд ойртсон нүүдэл хийхээс өөр аргагүй болсон нь тэр. Мөнхүү хэдийгээр өсч төрсөн нутаг нь ч гэсэн зуны эхэн сард ирэх бүрийд олон жил ханилсан ханиа санан дурсах явдал тохиодог болов уу гэж бодохын сацуу ахиад л хачин их гуниг төрөв. Асуулт тавихгүй л бол эгч ер нь дуугарах шинжгүй. Дотроо тээж явдаг олон өвдөлтүүдийнхээ алийг нь бодон санааширч суудгийг хэн мэдэх билээ. Тиймдээ ч Цагааннуур суманд очиж хүүхдүүдийнхээ цай хоолыг бэлтгэн, хичээл номыг нь хийлгэж суухдаа л зарим нэг хөндүүр дурсамжаас ангижирдаг байж болох юм. Насаараа нам гүмхэн тайгын ахуйд өссөн хүнд суурин иргэншлийн газар гуних зав олгодоггүй ч юм билүү дээ.


Зүүн тайгын удган Ж.Сайнцэцэг цайгаа уудалж буй нь...


Хоол болох зуурт зүүн тайгын удган Ж.Сайнцэцэг эгчийнд зочлов. Гэр нь отгийн ахлагчийн урцнаас жаахан зайтай боловч харалдаа, өндөрлөг дэнж маягийн газар байрлана. Урцныхаа хойморт хатгасан шонд олон өнгийн давуу уясан бөгөөд ихэнх нь цагаан өнгөтэй байх аж. Ж.Сайнцэцэг эгч яг цайгаа уудлан гаргаж байлаа. Намайг дээш суу гэж намуухан дуугаар хэлсний хойно цай аягалж барив. Мөнхүү өрөм, ааруул, талх тэргүүтнийг өмнө минь тавьж зочиллоо.


Ж.Сайнцэцэг эгчийн бие нь муудаж, эдгэрлийг олохгүй олон хоног зовсны эцэст удган болжээ. Бие илааршиж, тэнхэрсэн хойно бусдыг эмчлэх, байгаль дэлхийгээ аргадаж бөөлөх ур ухаанд суралцсан байна. Үнэнийг хэлэхэд би удган, бөө хүмүүстэй уулзахаас жаахан бэргэдэг учир олон зүйл асууж чадаагүй юм. Ямартаа ч зочилж ирсэн хэн нэгнийг нутагтаа үлдээх гэж ховсдох арга хэрэглэж байсан удаагүй, тайгынхан тийм зүйл хийдэггүй хэмээн хэлж байлаа. Эмгэн мод авчрахаар гарахад нь би тусалж, басхүү нэмж мод хагалж өгөөд урцных нь зүүн урд хаяанд эгнүүлж өрөв. Гадаа бороо шивэрч, бүүдгэр саарал орчил дундуур цаа бугын хугашнууд хөөцөлдөн тоглох нь үзэгдэнэ. Ж.Сайнцэцэг эгч хэдэн ширхэг хурууд авч өгөөд “Түлээ хагалж өгсөнд, тайгад минь ийм сайхан сэтгэлээр ирж зочилсонд баярлалаа” гэв. Би удган эгчийнхээс гарч майхан өөдөө алхлаа. Харин замд Г.Далайбаяр эгч дуудаад “Орж хоол идээрэй” гэж байна. Бодвол гол ус руу явчихав уу, хоол халуун дээр нь идэхгүй яагаа бол хэмээн санаа зовсон нь илт.


Магадгүй борооноос болсон байж мэднэ. Гэвч нэг л их уйтгар төрөөд болдоггүй. Өглөө буцах замд мордохгүйгээр эндээ дахин өнжчихмөөр л санагдана. Эргээд иртэл баяртай гэж хэлээд эндээс холдоно гэдэг тун ч бэрх даваа. Тэр тусмаа эрж олоогүй, амьдралд таарах олон сайхан тохиолын нэгээр учирсан хүмүүсийн халуун дулаан сэтгэлээс холдоно гэдэг юутай хэцүү зүйл билээ.


12. УЧРАЛ БҮХЭН ГЭГЭЭН


Зүүн тайгад хүрч очих хэд хэдэн зөрөг, жим бий. Алинаар нь ч орсон яг л адил шавар намаг, хад чулуутай замаар туучсаар зүүн тайгад л хүрнэ. Шөнө орой л гэхээс бус төөрч будилах явдалгүй санагдсан. Учир нь Жүгнэгийн даваанаас уруудаж салсан жим бүхэн Зүүн тайгад хүргэнэ. Тэнд очоод жим төгсдөг. Харин одоо би тэр л зөрөг жимүүдийн нэгээр ороод буцах гэж байна. Тайгад ирж төгсдөг жим одоо харих замын минь эхлэл болжээ. Умардын нүүдэлчин зорихоор гэрээсээ гарч явсан Улаанбаатар хот 2000 гаруй км-ын алсад бий.


Цаатанчууд дээр би анх удаа зочиллоо. Цааны сүүгээр сүлсэн халуун цай оочиж, цааны сүүгээр тараг бүрж хийсэн ааруул мэрж, алсын уулын орой ширтэн суулаа. Урцыг гаднаас нь харахад яг л эртний нүүдэлчдийн дүр төрх санаанаас гарахгүй. Харин Г.Далайбаяр эгчийн хүүхдүүд нь бүгдээрээ охин болоод ч тэр үү гэр доторх нь хачин цэмцэгэр. Хөнжил гудсаа нямбайтал нь эвхэж хураана. Аливаа нэг зайлшгүй тулгамдсан асуудал гарвал ээжээсээ зөвлөгөө авахаас бус бусад ажлыг өөрсдөө яг таг хийчихнэ. Гэрийн ажлаас авахуулаад ойр зуурын хийх зүйлс энд мундахгүй. Гэвч тэдний гэр бүлийн ямар ч гишүүн ажлаас цааргалаж буйг нь би лав олж хараагүй юм.


Г.Далайбаяр эгчийн гэр доторх байдал


Буцах өдрийн өглөө бороо зогсож, нар гарчээ. Хөтөч хийж явсан Энхээ, Баяраа хоёр морьдоо барьж эмээллээд явахад бэлэн болсон байна. Бид ч мөн майхан саваа хурааж янзлав. Харин хойд дэнж дээрх Д.Гомбо гуай гэрийнхээ гадна юу ч юм эрэн газар шагайгаад алхаж яваа харагдана. Багад минь намар болж сургуульдаа явах үеэр аав гэрийнхээ гадуур үг дуугаралгүй, нэг зүйл хайсан аятай чимээгүйхэн алхаж явдагсан. Тэгснээ хүүгээ нэг үнсчихээд мордоод явчихдаг байсан билээ. Гэрээсээ хол явахыг минь харж чаддаггүй байсан хэрэг. Ийн бодохын сацуу Д.Гомбо гуай дээр очиж явах болсноо дуулгаж, шүлгийн ном дурсгав. Өвгөн их л хүндэтгэн байж тосч аваад “Би бас энэ Тува цаатнуудынхаа үүх түүх, ёс заншлын талаар бүтээл туурвиж байгаа. Чамтай эргээд холбогдоно шүү” гээд утсыг маань бичүүлж авав. Тэгснээ “За, замдаа сайн яваарай. Эргэж ирвэл өвгөн ах нь тайгадаа байж л байна. Олон хүн ирж буцдаг ч гэсэн чамайг эргээд ирвэл андахгүй танина” гэвэй. Өдгөө дал гаруй насалсан түүний ухаан санаа цэлмэг, уужуу тайван хүн гэдгийг нь энэ үгс бэлхнээ батлана. “Та нар, цай цүү уусан биз дээ” гэж асуучихаад Д.Гомбо гуай урц өөдөө алхав.


Хамт аялсан хүмүүс маань Г.Далайбаяр эгчийн гэрийн үүдэнд түүнтэй хамт дурсгалын зураг татуулж зогсоно. Би ч бас зураг даруулав. Д.Урианхайн бичсэн шүлгийн мөр санаанд орно. “Инээд шиг хуучин хүний амьдралд нулимс шиг халуун байх”... Тийм л халуун дурсамжуудынхаа нэгийг тайгад үлдээж басхүү зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж аваад буцахаар мориндоо мордлоо. Бидний хэн, хэн нь энэ амьдралд өөрсдийн оршихуйг бүтээж явна. Хожим “нулимс шиг халуун” дурсамжаас өөр юу ч үлдэхгүй. Учир нь бидний амьдралд хагацал бишгүй тохиолддог. Харин хүн тус бүр нь отог омгоороо адилхан нэг амьдын хагацлыг амталсан хүмүүс бол цаатанчууд. Гэхдээ тэд амьдралд гомдож, хагацлын хүндэд сэтгэлээ халирааж суудаггүй. Учир нь хагацлаас олон учрал бийг тэд мэднэ. Харих замын турш ийн бодож явлаа.


Магадгүй тайгад ирсэн минь цаатан түмний ёс заншил, соёлоос ангид зүйлийг хайсан байж мэднэ. Тэр нь энд л буй цаг хугацааны туршид залуу насны минь мартагдашгүй дурсамжийг бүтээх хэн нэгнийг ч юм уу. Тиймээс л Маргадтай хамт тайгын гол өгсөн алхаж, Д.Гомбо гуайтай олон цаг хуучилж, Г.Далайбаяр эгчийн дотно сэтгэлийн утсаа хөндөн байж урсгах намуухан яриаг чагнаж суусан биз ээ. Одоо тайгаас буцаж яваа минь ч бас хэн нэгэн хүнийг сэтгэлийн хөндүүр дурсамжтай нь үлдээгээд хагацах мэт л санагдана. Буцах зам хэзээд гунигтай ч нэхэн санахад учрал бүхэн гэгээн билээ.


Цааны хугаш, түүнийг хамгаалагч тайгын хоточ нохой


ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЭГЭН ЗҮЙЛ:


Аяллын туршид нийтдээ 5000-аад км газрыг туулжээ. Уул нуруудыг давж, ус голыг гаталсан... Тэр л урт замын хэцүү бэрхийн хагаст нь хань болж явсан анд Л.Билигсайхан, Ч.Лхамдалай ах болон түүний гэр бүл, сайхан сэтгэлээр нутагтаа тосч авсан яруу найрагч П.Майнбаяр, О.Элбэгтөгс,  Ц.Гончиг ах нар болон Хөвсгөлийн Зүүн тайгын цаатан Г.Далайбаяр эгчид талархаж буйгаа илэрхийлье. Цаатан түмний нүүдэллэж очсон тайгын аль ч хязгаарт тэднийг үргэлж гэрэл гэгээтэй ирээдүй угтаж буй гэдэгт үл эргэлзнэм. 

ЗУРГУУД: 













Холбоотой мэдээ