"COVID-19"-ийн вакцины дэмжлэг авах жагсаалтад Монгол Улс багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-08-15 12:28:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уулзаж "COVID-19"-ийн цар тахлын халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Уулзалтын үеэр суурин төлөөлөгч Др.С.Диордица "COVID-19"-ийн эсрэг вакцины дэмжлэг авах улсуудын жагсаалтыг ДЭМБ баталсан бөгөөд үүнд Монгол Улс багтсаныг мэгдэгдэв. 

Тэрээр, шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жилийг зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусний вакцины хувьд маш богино хугацаанд гаргаж авахаар дэлхийн олон улс орон шаргуу ажиллаж, урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарч байна гэв. Тэрбээр вакцины талаар ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. 

Түүний мэдээлснээр, "8 дугаар сарын 10-ны байдлаар дэлхийн улс орнуудад нийт 160 гаруй вакциныг хөгжүүлж байгаагаас:

  • 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийж байгаа бол
  • 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байна. 

Эмнэл зүйн шатны судалгаа хийж байгаа вакцинуудаас 6 нь сүүлчийн шатны буюу 3 дугаар шатны туршилт судалгаагаа хийж байна. Үүнд Их Британийн Оксфордын их сургууль, "Астра Зенека" компанийн хамтран гаргаж буй вакцин, БНХАУ-ын биотехнологийн компаниудын 3 вакцин, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар "Модерна" компанийн хөгжүүлж байгаа вакцин, тэрчлэн АНУ болон ХБНГУ-ын хамтарсан вакцин хамрагдаж байна. Эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийж байна” гэв.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 8 дугаар сарын 11-нд ОХУ шинэ коронавирусний халдварын эсрэг анхны вакциныг гаргаж авснаа бүртгэлжүүлсэн тухай олон улсад мэдээлснийг ДЭМБ хэрхэн үзэж байгааг асуухад суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, "ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын  Гамалейн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа 6 дугаар сард эхлүүлж, 1 болон 2 дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан" гэдгээ мөн танилцууллаа.

Эмнэл зүйн 3 дахь шатны туршилт судалгаа дуусаж хүний биед дархлаа тогтоох чадвар болон аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг тогтоох хүртэл олон дамжлагаар шалгагддагийг Др. Диордица яриандаа онцлов.

ДЭМБ-ын хувьд вакцинд зөвшөөрөл олгох үйл явц маш нарийн бөгөөд туршилт судалгаа хэрхэн хийсэн талаарх дэлгэрэнгүй протоколыг хянаж нягталсны үндсэн дээр чанар, аюулгүй байдлын урьдчилсан гэрчилгээг олгож, мөн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа ч тогтмол хянаж байдаг гэв.


ДЭМБ-аас "COVID-19"-ийн халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологийн туршилт судалгааг хөхиүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмыг бий болгон ажиллаж байгаа аж. Үүний нэг нь "Вакцин дархлаажуулалтын глобал альянс" буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэх механизмыг бий болгожээ. 

Монгол Улсын хувьд, уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтжээ.

Уг механизмын хүрээнд ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулах, үүнтэй зэрэгцэн вакцин бүтээж байгаа улс орнуудтай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд вакцин авах талаар яриа хэлэлцээг идэвхтэй хийж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.

Тэрээр, Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу зөвхөн чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хүн амд хэрэглэхээр заасан байдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд дэлхий дахиныг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын эсрэг тэмцэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад талархал илэрхийлсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ