"ММС Поларис" компанид 6.5 сая долларын санхүүжилт олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 18:22:34

ТБИЛИС. /Finchannel/. Дэлхийн банкны группын /World Bank Group/ гишүүн болох Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Улаанбаатар хотын Яармаг хороололд олон улсын стандартад нийцсэн зочид буудал, жижиглэн худалдааны төв барих төслийг хэрэгжүүлэгч "ММС Поларис" ХХК-д 6.5 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Энэ зочид буудал нь Улаанбаатар хотын эдийн засаг, аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөжүүлж, хотын төвийн дүүргийн агаарын бохирдол, автомашины түгжрэлийг бууруулахад тус нэмэр болох юм.

Уг төслийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилго нь тус хотын одоо байгаа болон шинээр ашиглалтад орох нисэх онгоцны буудлууд руу явах замд оршдог Яармаг орчимд хотын хоёр дахь төвийг байгуулах зорилготой ажээ.

"ММС Поларис" ХХК нь Монголын ноолуур боловсруулах салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох "Монгол микрон кашмер" ХХК-ийн салбар компани юм.

"ОУСК-ийн олгож буй урт хугацааны санхүүжилт нь аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн бөгөөд аялал жуулчлал нь Монголын эдийн засгийн өсөлтийг хангах болон эдийн засгийг төрөлжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Санхүүжилт олгохын зэрэгцээ тус корпораци нь олон улсын байгаль орчин, нийгмийн стандартад дүйцсэн ногоон барилгын зураг төслөөр зочид буудал барихад тусалж байгаа" гэж "ММС Поларис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттогоо ярилаа.

Энэ зочид буудлын барилга бол ОУСК-ийн Ногоон барилгын стандартыг хангасан анхны төсөл юм.

“ОУСК-ийн олгож байгаа энэ мөнгө нь Монголын эдийн засагт урт хугацаанд итгэл найдвар өгч байна. Харин “Ibis Styles hotel” олон улсын зочид буудлын сүлжээг Монголд байгуулснаар Улаанбаатар хотын шинээр хөгжиж байгаа дүүрэгт маш хэрэгтэй орчин үеийн зочлох үйлчилгээний болон жижиглэн худалдааны төвийг байгуулж байгаа  юм. Уг зочид буудлыг барих явцад болон ашиглалтад орсон үед Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд ажлын байр, бизнесийн орчин бий болно” гэж ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Д.Нгуен ярьж байна.

Жижиглэн худалдааны төв 2016 оны сүүлчээр, зочид буудал нь 2017 оны эхээр ашиглалтад орох ажээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ