Дарханд барих "Арьс ширний цогцолбор" төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-17 15:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс жилд дунджаар 10-15 сая арьс зах зээлд нийлүүлдэг. Зах зээлийн борлуулалтын тодорхой суваггүйн улмаас арьс ширний чанар болон өрсөлдөх чадвар унасаар байна. 

Тиймээс арьс ширний бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд борлуулах зорилгоор Дархан-Уул аймагт "Арьс ширний цогцолбор" барих төсөл хэрэгжих нь. Уг төслийн танилцуулах уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. 

“Дархан-Арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр, тус цогцолборыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай байгааг мэдээллээ.


Цогцолборыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс зүүн урагш, нийт 180 га талбайд барина. Цогцолборын үйл ажиллагааны 15 хувь нь орон нутгийн мэдэлд, үлдэх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлнэ. Төслийг хэрэгжүүлж эхэлснээр арьс шир, ноос ноолуурын борлуулалтын эргэлтийг түшиглэсэн олон үйлдвэр байгуулагдаж, дотоодын тээвэр, химийн үйлдвэрлэл гээд олон салбар дагаж хөгжихийг онцоллоо. 


Тиймээс цогцолборыг барьж, үл хөдлөх хөрөнгийн сан байгуулахад хувийн хэвшлийн оролцоо чухал шаардлагатай байгааг хэллээ. Уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос ноолуурын зөвлөл, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын барилгын үндэсний ассоциац, арьс шир, ноол ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани, ТББ-ын төлөөлөл оролцлоо.



Холбоотой мэдээ