ОХУ-ын багш нар орон нутгийн сургуулиудад ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-08-18 10:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам  орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах гэрээг өчигдөр ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит "Интердом" олон улсын боловсролын төвтэй байгууллаа.

Орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан 6 орос багш Монгол Улсад нэг жил ажиллах бөгөөд багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулжээ. 

Орос багш нар энэ хичээлийн жилийн нээлтийн өдөр 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн лаборатори "Хан-Уул" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны сургууль, Хэнтий аймгийн 1 дүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори "Тэмүүжин" цогцолбор сургуульд цахимаар хичээл заана. "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм.


Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд "Интердом" олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцах аж. 

Үүний өмнө ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хотын Нийгмийн ухааны их сургуулийн Орос хэл, уран зохиолын ангийн 6 оюутан багш Дорноговь аймгийн Засаг даргын "Хөрш орноосоо суралцъя" дэд хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдэд 14 хоног харилцан туршлага судалж, ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн сурагчдад орос хэлний практик хичээл зааж, хамтран ажилласан юм.


Холбоотой мэдээ