"Натур"-ын замыг Нарны замтай холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-08-20 14:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудтай танилцаж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан байна. Энэ асуудлаар тухайн үед нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгөх албан шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ.

Дур мэдэн нийтийн эзэмшил талбайд халдаж, газраа сунгасан албан байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сануулаад, иргэдийн саадгүй зорчих зам талбайг яаралтай гаргахыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт даалгалаа. Мөн албаныхан тус дүүрэгт орших хотхон дундуур замын трасс гаргах боломжтой байршлуудыг явж үзээд, холбогдох албаныхан судалгаа гаргаж танилцуулахаар болов.

Баяyзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12 метрийн өргөн, 108 метрийн урттай автозамын ажил хийхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй барьсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсан “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамыг холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болгов.


Холбоотой мэдээ