Ш.Абэ оффшорын асуудлыг хөндөх бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /TASS/. Тавдугаар сарын 26-27-нд болох “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ оффшор болон татвараас зайлсхийхтэй холбоотой асуудлыг хөндөн тавих бодолтой байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа Японы парламентын дээд танхимын төсвийн байнгын хороонд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна.
“Татвараас зугатна гэдэг бол маш ноцтой асуудал. Энэ нь татвар төлөгчдийн итгэлийг алдахад хүргэдэг. 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувьд миний бие олон улсын механизмыг ашиглан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх тогтолцоог бий болгох талаар хэлэлцүүлэг маргаан өрнүүлэх бодолтой байна” хэмээн Ш.Абэ онцлон хэлжээ.
“Их-7”-гийн орнууд Дээд хэмжээний уулзалтынхаа үеэр авлига болон татвараас зугатах явдалтай тэмцэх чиглэлд тодорхой төлөвлөгөө гарган баталж магадгүй гэж өмнө нь Японы мэдээллийн Киодо агентлаг мэдээлж байсан юм.
Дашрамд дурдахад, “Панамын баримтууд” хэмээх оффшортой холбоотой дуулиан тарьсан файлуудад Японы хэд хэдэн компани болон хувь хүмүүсийн нэрс дурдагдаад байгаа аж. Тодруулбал, Marubeni /Марубэни/, Mitshubishi Corporation /Мицүбиши/, үүрэн телефоны оператор Softbank /Софтбанк/ зэрэг 20 гаруй компани, түүнчлэн 230 хувь хүний нэрс дээрх файлд байгааг телевизийн Эн-Эйч-Кей суваг дурдсан байна.
Х.Сарнай