Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-25 19:11:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж, өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцож буйг хэллээ. 


Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Төр, засаг хөгжлийн 8-12 жилийн урт хугацааны зорилтод анхаарч ач холбогдол өгч байна. Ингэж байж хөгжлийн хөтөлбөрүүд үр дүнд хүрч томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ"  гэдгийг онцлов. 


Тэрээр, төр, засгийн дараагийн хоёр дахь зорилт бол хөрөнгийн эх үүсвэрийг татах чухал байгааг тэмдэглээд, "Төр, засаг бүхнийг хийхгүй. Оролцох зүйлдээ оролцоно. Энэ нь томоохон төсөл хөтөлбөр, дэд бүтцийн ажлууд байх бөгөөд мөн хувийн хэвшлийг дэмжих бизнесийн хууль, эрхзүйн орчин байх болно. 

Бусад зүйл дээр баялаг бүтээгчдийг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, аль болох түншлэх чиглэлийг барьж ажиллана. Энэ үүднээс бид бизнесийн тогтвортой орчинг бүрдүүлсэн, бодлогын томоохон шинэчлэл рүү алхаж байна. Энэ нь шинэ 30 жилийн эхлэл байгаасай" гэдгийг тодотголоо. 


Ирэх 4 жилийн төлөвлөлт, зорилт дээр хувийн хэвшилтэйгээ ярилцаж, саналыг авч хөгжлийн бодлогод тусгаж явна. Үүний дараа хувийн хэвшилтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулна. Ингэж байж хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх үндэс бүрдэнэ гэдгийг тэмдэглэв. Ингэхдээ Засгийн газрын ХЭГ дээр гадаадын төсөл, хөтөлбөрийг хариуцсан нэгж байгуулж буйг дуулгалаа. "Засгийн газар томоохон төсөл, хөтөлбөр дээр хамтарч ажиллана. Гэхдээ үүнийг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр, ил тод шийдэж байна. Бид Оюутолгой болон бусад төсөл дээр гаргасан алдааг давтахгүйн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. 


Ирэх онд Засгийн газраас ААН-үүдээ дэмжсэн ямар бодлогыг барьж ажиллах вэ гэсэн асуултад Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа, төр, засаг зөвхөн уул уурхайтай холбоотой, экспортын хараат байдлыг бус, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн оюунлиг технологи, инновацид суурилсан үйлдвэрлэл, ХАА, тэр дотроо хүнд болон дунд аж үйлдвэрлэлд анхаарч эрчим хүчийг экспортлоход анхаарч ажиллана гэв. Ингэхдээ боловсролын салбар, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд ач холбогдол өгөн, ирэх 10-20 жилийн ажиллах хүчийг төр, засаг бэлтгэж өгөх замаар явна.


Нөгөө талаар бүтээн байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн үзэл бодлын дагуу хийнэ. Өнөөдөр бүтээн байгуулалтын 120 төсөл, хөтөлбөр байгаагийн 70 орчим хувьд ТЭЗҮ-г хийгээд буйг мэдээллээ. Төр бүх зүйлийг улсын төсвөөр хийж чадахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг илүү чухал зүйлд оруулж явна. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт илүү тогтвортой байж улсын хэмжээний том зорилтууд хэрэгжинэ гэв. 


Уулзалтад Сангийн яам, ЗТХЯ, БХБЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ зэрэг голлох салбарын сайд нар оролцож бизнес эрхлэгчдийн санал, үгийг сонсов. Бизнес эрхлэгчдийг төлөөлөн Монголын Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүд, "Улаанбаатар" худалдааны танхимын болон бизнесийн мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл, 130 орчим бизнес эрхлэгч оролцлоо. 



Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ