Дүүрэг бүрт "Соёлын цаг" аян хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-08-26 15:49:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцов.


Соёлын сайд С.Чулуун аяны нээлтийн үеэр хэлэхдээ, “2020 оны сонгуулийн үр дүнд Соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдлаа. Соёлын яам монгол хүн бүрийн ялангуяа соёл урлагийн салбарынхны хүсэн хүлээж байсан гал голомт юм. Соёлын яам байгуулснаар соёл урлагийн салбарынхан өөрийн түших тулах, зовлон жаргалаа хуваалцах, ажил үйлсээрээ хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү боломж нь монголын ард түмэнд хүртээмжтэй, монгол түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн эхлэл болох юм. Энэхүү аянд нэгдэж буй соёл урлагийн байгууллагынхан болон нийт ард иргэддээ сайн сайхныг хүсэж, “Соёлын цаг” аян албан ёсоор эхэлснийг хэлэхэд таатай байна” гэлээ.


Тус аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттай нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн биеийн тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. Соёлтой цагаараа дамжуулж иргэддээ соёл урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв.


Энэхүү аяны нээлтэд театр, музей, номын сан, төрийн өмчийн 20 гаруй байгууллагууд оролцов. “Соёлын цаг” аян 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.



Холбоотой мэдээ