УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-27 13:06:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан COVID-19 цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгаагаа онцоллоо.  Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна. БНХАУ-д их дээд сургууль, дунд сургуулийн хичээл эхэлж буйтай холбогдуулан манай оюутан сурагчид БНХАУ-руу зорчих мөн холимог гэр бүлийн гишүүд БНХАУ-д зорчих хүсэлт илэрхийлж байгаа. Энэ асуудлыг Хятадын тал нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 


Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол-Хятадын парламентын бүлэг 2 орны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа илэрхийлээд, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймагт  махны үйлдвэр баригдаж байна. COVID-19 цар тахлын улмаас үйлдвэрийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Энэ махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир энэ төслийг дэмжиж ажиллана гэж итгэж байна хэмээлээ. 


БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй COVID-19 цар тахлын улмаас нүүрс тээвэрлэлт эрс буурсан асуудлыг Монголын талаас хэд хэдэн удаа анхааралдаа авч нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Хятадын талаас онцгой анхааран, идэвх чармайлт гарган ажилласан. Одоо цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл нүүрс тээвэрлэлтийн автомашин хилээр нэвтэрч тоо эрс нэмэгдсэн, таатай нөхцөл бүрдсэн гэлээ. Мөн хамгийн хүнд хэцүү цагт монголчууд хөрш улсдаа тусламжийн гараа сунгаж 30 мянган хонь бэлэглэсэнд Хятадын бүх ард түмэн баяртай байгааг уламжиллаа. Мөн энэ түүхэн үйл хэрэг дэлхийд 2 орны найрсаг хамтын ажиллагааг таниулсан үйл явдал болсон гэдгийг тодотголоо. 


Уулзалтын төгсгөлд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж буй нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд талууд идэвх санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ