Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг Байнгын хороонд буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-27 14:43:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Төсвийн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 2 дугаар зүйлийг “Хуулийн төслийг баталсан өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулах санал гаргасан байна. Уг асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.6-д заасны дагуу зохицуулах боломжтой гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжээгүй болно. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсон хэмээв. Тэрээр, Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээс хойш нөхцөл байдлыг дахин судалж үзсэний үндсэн дээр төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах хүсэлт гаргаж буй талаар санал, дүгнэлтдээ танилцууллаа.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр 2020 оны төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм. Харин коронавирусний цар тахлын нөлөөлөл 2021 онд ч үргэлжлэх эрсдэл байгааг тооцож УИХ-аас тодорхой чиглэл, зохицуулалтын шаардлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.


Төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана хэмээн хуульд заасан байдгийг Г.Занданшатар дарга танилцуулаад Байнгын хорооны горимын саналаар санал хураалаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх буюу 51.5 хувийн саналаар уг горимын саналыг дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ