Казахстанд цөмийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдрийг тэмдэглэж байна

Монголын мэдээ | Тойм
delgermaa@yahoo.com
2020-08-28 14:16:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий хоёр хэсэгт хуваагдсан хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн асуудал  дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан эмзэг сэдэв байлаа. Хоорондоо дайсагнасан талуудын нэг нэгээсээ давуу гэдгээ харуулах нэгэн арга нь цөмийн зэвсэг байсан үе саяхан. Хүйтэн дайны үед цөмийн зэвсэгтэй улсын тоо цөөхөн, ийм зэвсэгтэй орнууд  хүчирхэгт тооцогдож  байсан түүхтэй.  1980-1990 онд  бодит байдал ийм л байсан. Тэр үеийн хэвлэлд гарч байсан шог зураг, нийтлэл зэрэг нь энэ бүхнийг гэрчилнэ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж төмөр хана үгүй болсноос хойш энэ сэдэв нэг хэсэг мартагдсан юм. Гэвч бидний хажууханд байгаа аюул бүр мартагдана гэж үгүй.


Өнөөдөр буюу XXI зуунд улс төрийн байдал огт өөр болж дэлхий нийтээрээ тулгамдсан асуудлыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлж яс үндэс, улс орон, хил хязгаарыг үл хамааран бүгд хамтдаа зүтгэж байж бэрхшээлийг шийдэх арга замыг олж, хамтын хүчээр давж гарна гэдгийг  бүгд ойлгосон. Яг ийм асуудлуудын нэг нь цөмийн зэвсэг болоод байна. Учир нь ийм зэвсэгтэй орнууд цөөнгүй болж хүн төрөлхтөнд хамгийн аюултай зэвсгийг турших явдал гарсаар байна.


2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн наймдугаар сарын 29-ний өдрийг  цөмийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Уг тогтоолыг 29 улс санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан түүхтэй. Тэдний нэг нь Казахстан. Тодруулбал, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн.


Н.Назарбаев 2009 оны долдугаар сарын нэгний өдөр болсон дэлхийн улс орнуудын удирдагчид  болон уламжлалт шашны тэргүүн нарын III их хуралд  оролцохдоо энэ саналыг дэвшүүлсэн. Үүний өмнөхөн 2009 оны зургаадугаар сарын 18-ны өдөр буюу Семипалатинскт цөмийн туршилтыг зогсоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо анх удаагаа  цөмийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдрийг дэлхий даяараа тэмдэглэх саналыг дэвшүүлсэн байна.  2012 оны  наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Казахстаны Астана, Семей, Курчатов хотуудад “Цөмийн зэвсгийн туршилтыг хориглож цөмийн зэвсэггүй болох” нэртэй олон улсын чуулган болсон юм. Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасны 21 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд дэлхийн 46 орны төр, засгийн удирдагчид, парламентын тэргүүнүүд оролцсон. Түүнээс гадна олон улсын байгууллагуудын тэргүүн нар, улс төрийн зүтгэлтнүүд, дэлхий дахинаа нэртэй шинжээчид, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ч байлцсан.  Энэ чуулган дээр  Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев үг хэлэхдээ олон улсын “АТОМ” буюу Abolish Testing: Our Mission  төсөл хэрэгжиж эхэлсэн тухай мэдэгдэж дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан цөмийн зэвсэгийг туршихаас татгалзахыг уриалсан билээ.  Хамгийн гол нь төлөөлөгчдөд хандан дэлхийг цөмийн зэвсэггүй болгох тунхаг бичгийг даруйхан батлахыг уриалсан.  АТОМ төслийн хамгийн гол зорилго нь хүн төрөлхтнийг аюулт зэвсгээс салгах үйлсэд нэгдэн тэмцэх явдал байсан бөгөөд Н.Назарбаевын гаргасан уриалга үүнтэй нягт холбоотой билээ. Н.Назарбаевын энэ бодлогыг Казахстаны Ерөнхийлөгч Касым Жокарт Токаев үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Тэрээр энэ сарын 27-ны өдөр “Өнгөрснийг санаж, ирээдүйгээ харъя” олон улсын чуулганы төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа цөмийн туршилтаас татгалзахыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.


НҮБ-ын Ерөнхий Ассамбейгаас гаргасан Цөмийн зэвсгийн туршилтаас татгалзах тухай тогтоолд тус байгууллагын бүх гишүүн орнууд, иргэний нийгэм, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагууд  олон түмэнд цөмийн зэвсгийн аюулыг ухуулан сурталчлахын чухлыг онцгойлон дурдсан байдаг. Үүнийг жирийн иргэдэд ойлгуулахын тулд  цөмийн зэвсэг  ямар аюултай, хор уршигтой болохыг зүгээр нэг ярих нь  үр өгөөж багатай болов уу. Дэлхий нийтээрээ энэ зэвсгийн гамшгийн улмаас чухам ямар хохирол амссан талаар тодорхой баримт жишээгээр ярих нь зүйтэй болов уу.


Дэлхийн II дайн дуусаж байхад буюу 1945 оны наймдугаар сарын 6,9-ний өдрүүдэд  Японы Хирошима, Нагасаки хотууд дээр Америкийн цэргүүд атомын бөмбөг хаясан билээ. Энэ аймшигт үйлдлийн улмаас зөвхөн Хирошима хотод гэхэд 90-160 мянган хүн амь насаа алдсан. Харин Нагасаки хотод 60-80 мянган хүн хорвоогоос хальсан. Хэчнээн хүн уг аймшигт зэвсгийн улмаас тахир дутуу болж, хичнээн хүүхэд хордож насан туршдаа шаналсан талаар ярихад ч аймшигтай. Энэ бол Япон төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн аймшигт явдал хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Тиймээс жил бүр Японд энэ өдрийг тэмдэглэн цөмийн зэвсэг ямар аймшигтай талаар ярьж түүхийг эргэн дурсдаг.

Энэ нь нэлээд олон жилийн өмнө болсон явдал болохоор шинэ үеийнхэн төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй. Хүн төрөлхтний түүхийг эргэн сөхөж үзэхэд цөмийн зэвсэг нь хэзээ ч сайн сайхан зүйлд хүргээгүй гэдэг нь харагддаг. Мэдээжийн хэрэг шинжлэх ухааны хувьд, энэ нь маш том ахиц дэвшил байсан гэдэг нь маргаангүй. Тиймээс ч энэ дэвшлийг энхийн зорилгоор ашиглах тухай ч яригдсаар ирсэн.


Цөмийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдрийг анх 2010 онд тэмдэглэж томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан билээ.  2010 оны наймдугаар сарын 26-нд Астана хотноо энэ өдөрт зориулсан олон улсын чуулган болж түүнд Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох бэлтгэл ажлын комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Тота, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн удирдлага оролцсон юм. Уг чуулган дээр дэлхийг цөмийн зэвсэггүй болгоход Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев маш их хувь нэмэр оруулж байгааг онцлон дурдаж, түүнийг түүхэн шийдвэр гаргасан гэдгийг ч онцолж байсан билээ. Үүний нэг тод жишээ бол цөмийн зэвсгийн туршилтын томоохон төв гэгддэг Семипалатинскийг хаах шийдвэр гаргасан явдал байлаа.

Тэгэхлээр Семипалатинскийн талаар уншигч та бүхэндээ хэдэн зүйлийг сануулах нь илүүдэхгүй байх. Хуучин ЗСБНХУ-ын үед Казахстаны газар нутагт орших Семипалатинск нь цөмийн зэвсгийн томоохон туршилтын талбай байсан.  1961 онд энд анхны газар доогуур цөмийн зэвсгийн анхны  туршилт хийгдсэн бөгөөд  1949-1986 онд Семипалатинскт ойролцоогоор 468 янз бүрийн туршилт хийгдсэн.

Мэдээжийн хэрэг эдгээр туршилт нь  ард иргэд, байгаль дэлхийд маш  сөргөөр нөлөөлсөн. Тиймээс ч 1991 оны наймдугаар сард Семипалатинскийг хаах шийдвэрийг Казахстаны удирдлага гаргасан юм. Өөрөөр хэлбэл, өөрийн газар нутаг дээр цөмийн зэвсэг гэдэг нь ямар аюултай болохыг мэдэрсэн тул Казахстаны эрх баригчид, тэр дундаа тус улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев дэлхийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө санал санаачилга гаргажээ.

 

 

 

Холбоотой мэдээ