Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гурав хоногоор хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 15:40:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, АН-ын бүлгийн гаргасан саналын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг ажлын гурав хоногоор хойшлууллаа. 


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг дахин илэрхийлэв. Учир нь орон нутгийн сонгуулиас өмнө хуулийг олон нийтэд таниулж амжихгүйгээс олон эрсдэл учирч болохыг санууллаа.


Уг хуулийн төслийг өмнөх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, УИХ дахь АН-ын бүлгийн саналаар ажлын тав хоногоор хэлэлцэхийг хойшлуулаад байв. 


Ингээд хуулийн төслийг дахин гурав хоног хойшлуулж байгаа ч дахин завсарлага авах хуулийн боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлаад, энэ хуулиар орон нутагт эрх мэдэл өгөх, нийгэм эдийн засгийн реформ хийх, Дархан, Эрдэнэтийг албан ёсны хотын статустай болгох ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ